МЭНДЧИЛГЭЭ
Та бүхэнд Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Эрчим хүчний салбар үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Дэлхийд ганцхан Монгол наадам он цагийн түүхийг өртөөлөн хоёр нарны эринд үргэлжлэн уухайлж байна. Цахилгаан, дулааны эрчим хүчгүйгээр төсөөлөхийн аргагүй цаг үед чиидэнгийн хорооноосулбаалсан алтан үеийн ахмад ажилчид, үе үеийн инженер техникийн ажилтан, албан хаагчид, хөдөлмөрийн хамт олон та бүхний гавьяаг үгээр илэрхийлэх боломжгүй.
Эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт, улс орны хөгжлийн дэд бүтэц болсон салбар маань амжилт ололтын арвин ургацтайгаар 100 жилийн үүдээ нээж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн дотор Эрчим хүчний олон бүтээлч төлөвлөгөө тусгагдсан нь салбарын тусгаар тогтносон байдлыг бэхжүүлэх их үйлсийн үргэлжлэл юм.
Тогтмол өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах үүднээс олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Дулааны IV цахилгаан станцын 89МВт-ын өргөтгөл, Эрдэнэтийн дулааны станцын 35МВт-ын өргөтгөл, Сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологи бүхий шинэ эх үүсвэрүүд, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх “Сонгино” дэд станц, түүнийг дагасан дэд бүтэц, Насжилт өндөртэй дулааны төв магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлууд, Агаарын бохирдлыг бууруулах сайжруулсан шахмал түлшний зүүн үйлдвэрийг ашиглалтад оруулсан болон бусад олон ажлыг дурдаж болох юм. Хамгийн сүүлд Говь-Алтай аймгийн Алтай суманд цэнэгт хураагуур бүхий нарны цахилгаан станц сүлжээнд залгагдсанаар улсын хэмжээнд бүх сум цахилгаан эрчим хүчээр тогтмол хангагдах байгааг дуулгахад таатай байна.
Говийн бүсийн стратегийн гол хөдөлгөгч хүч болох 450МВт-ын хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Баруун бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, хэрэглээний өсөлтийг хангах зорилгоор Ховд гол дээр горимын тохируулга хийх чадамж бүхий 90МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлсэн. Олон жил яригдсан 10 аймгийн төвийн дулааны станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2024 оны халаалтын улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50МВт-ын өргөтгөлийн ажил хурдацтай урагшилж, зүүн бүсэд хөгжлийн том төслүүд түүнийг нийгэм, эдийн засгийн бүтээмж нэмэгдэх мөч өдөр, хоногоор ойртож байна.
Түүнчлэн төвийн бүсэд хувийн хэвшлийн санхүүжилтээр Багануурын 400МВт-ын дулааны цахилгаан станц, Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн 300МВт-ын дулааны цахилгаан станцыг барихаар төлөвлөж байна.
Хэрэглэгчдийн язгуур эрх ашиг ямагт бидний ажлын бодит зорилго юм. Та бүхэн минь хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай.
Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар өнө мөнхөд өөдлөн дэвжих болтугай
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД НАНСАЛЫН ТАВИНБЭХ




























Сэтгэгдэл