ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ОЛОН НИЙТЭД ХАНДСАН АЖИЛ
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг боловсруулах, батлуулах ажлын хүрээнд томоохон ажлуудыг төлөвлөн ажилласан билээ. 2013 оныг Эрчим хүчний яамнаас “Эрчим хүч хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх” жил болгон зарласан, мөн иргэд, олон нийтэд хандсан ажлуудыг үе шаттай хийж байгаагийн нэг болох Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрт “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг”-ийн талаар хичээлийг оруулж байх ажлыг зохион байгуулаад байна.
Эрчим хүчний салбарын зүгээс боловсролын салбарт анх удаа буюу нийслэлийн ЕБС-уудын бага ангийн сурагчидад зориулсан "Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ" сэдэвт хичээлийг "Хүн орчин", "Иргэний боловсрол" хичээлийн агуулгад нийцүүлэн нэвтрүүлэх, заах арга зүй боловсруулах ажлыг Эрчим хүчний яам, ГОУХАН-ийн "Эрчим хүчний системийн үр ашиг" төсөл, Нийслэлийн боловсролын газартай хамтран явуулав.
Энэхүү төслийн үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн 17 сургуулийн бага, дунд ангийн 62 багш хамрагдлаа. Туршилтын журмаар 2 дугаар сарын 24-нөөс 5 дугаар сарын 15 хүртэл 10 цагийн хичээлийг тус 17 сургууль дээр явуулах бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилд Нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиудад буюу 112 сургуулиудад бага ангийн "Хүн орчин", "Иргэний боловсрол", "Төсөл хичээл"-ийн хөтөлбөрт тусган, сурагчдад "Эрчим хүчний хэмнэлт, зохистой хэрэглээ"-г сургахаар ажиллаж байна.
Энэ ажлын эхлэл болгож 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 14 цагт Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургууль дээр нээлттэй хичээл хийлээ.
Нээлттэй хичээлд Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, мэргэжилтэн Ц.Атаржаргал, төслийн удирдагч Х.Энхтуяа, төслийн инженер С.Жавхлан, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбат, Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нар оролцож хичээлийн агуулга, арга зүй, цаашид сургалтын хөтөлбөрийг тогтмолжуулах талаар харилцан ойлголцолд хүрлээ.




























Сэтгэгдэл