ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 31 ЖИЛИЙН ДАРАА ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨВ

A- A A+


Photo

Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор нийслэлийн зүүн тал буюу Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд Амгалан дулааны цахилгаан станцыг барихаар шийдвэрлэж бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны ерөнхий инженер Ч.Цогтсайхантай станцын ажлын явцын талаар ярилцсанаа хүргэе.

-Нийслэлийн баруун талд томоохон цахилгаан, дулааны станцууд төвлөрсөн. Харин эрчим хүчний хэрэглэгчид өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр буй энэ үед шинэ дулааны станцыг зүүн талд барих  шийдвэр гарсан нь цагаа оллоо гэх хүн олон байна. Энэ станцыг барих  түүх хэдийнээс эхтэй вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

- Анх 2006 онд НЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн санаачилгаар “Улаанбаатар хотын дулаан хангамжийн балансыг шинэчлэх, эх үүсвэрийн байршлын судалгаа”-ны ажлыг  хийсэн. Тухайн үед миний бие Хотын хөгжлийн бодлогын хэлтэст “Нийслэлийн эрчим хүчний хөгжлийн бодлого төлөвлөлт”-ийг хариуцан ажиллаж байлаа. Судалгааны ажлын тайланг эрчим хүчний салбарын эрдэмтэд болон Эрчим хүчний инженерийн сургуулийн багш нар гүйцэтгэсэн юм. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаанаар дээрх ажлыг хэлэлцүүлсэн. Энэ үеэр ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Ганхүү  яамныхандаа танилцуулахыг хүссэн юм. Ингэснээр  хотын дулаан хангамжийн талаар нийслэл, яамдын удирдлага нэгдсэн ойлголтод хүрч, “УС-15” халаалтын зуухыг түшиглэн дулаан үйлдвэрлэх станц барихаар шийдвэрлэсэн.Уг судалгаагаар дулаан хангамжид өргөтгөл, шинэтгэл хийхгүй бол 2010 он гэхэд эрчим хүчний  эх үүсгүүрийн дутагдалд орно гэсэн тооцоо гарсан. Тиймээс  хүндрэлээс гарахын тулд 2007 оноос эхлэн үе шаттайгаар арга хэмжээ авч эхэлсэн юм. Тэгэхээр Амгалан дулааны станцыг барих  ажил  мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор нийгмийн захиалгаар 8 жилийн өмнөөс өрнөсөн бүтээн байгуулалт гэж хэлж болно.

-Тэгвэл нэлээн дээр өрнөсөн ажил байх нь ээ. Яагаад найман жилийн хугацаанд энэ станц баригдсангүй вэ?

-2012 он хүртэл баригдаагүйн гол шалтгаан нь технологи талдаа гологдсон.

 -Хятадын “China Machinery Engineering Corporation” Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтын ажлыг түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэй концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Харин энэ ажлын явцыг хянах, үйл ажиллагаанд доголдол үүсгэхгүйн үүднээс Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааг байгуулсан. Энэ төсөл дээр танай байгууллагаас гадна монголын  хэдэн компани оролцож байгаа вэ?

-2013 онд Амгалан дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааг бүтээн байгуулалтын бүх үйл ажиллагааг хянаж зохицуулах, гарч буй хүндрэлийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж шийдвэрлүүлэх зорилгоор байгуулсан. Монголын талаас энэ бүтээн байгуулалтад хэд, хэдэн компани оролцож байна. Тухайлбал “Интернэшнл Повер” ХХК нь Хятадын талаас  боловсруулсан ажлын бүх зургийг монголын барилгын норм, нормативд тохируулан төрөлх хэл рүү орчуулан улсын экспертээр хянуулж батлуулах ажлыг хийж байна. Станцын барилгын бүх суурь болон яндан, вагон хөмрөгчийн ажлын зургууд бэлэн болсны дагуу барилга угсралтыг гүйцэтгэж байна. Газар шорооны ажил, үерийн усны байгууламж, бохирын шугам, цэвэр усны шугмын ажлыг манай компаниуд хийж буй юм. Гадна дулааны шугмын ажлыг “Хасу Мегаватт” ХХК, цахилгаан дамжуулах агаарын шугам, 110 ква-н дэд станцын өргөтгөлийн ажлыг “ЦДҮС” ХК гүйцэтгэж байна. Мөн Эрчим хүчний хөгжлийн төвийн мэргэжилтнүүд энэ бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. Өөрөөр хэлбэл талбайн доторх бүтээн байгуулалтын ажлыг хятадын компани гаднах ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байна.

-Станцын бүтээн байгуулалтын ажилд Монгол, Хятадын талаас хичнээн хүн оролцож байна?

- Монголын талаас туслан гүйцэтгэгч компаниудыг оруулбал 200 гаруй, Хятадын талаас 300 ажилчин ажиллаж байна. Станцыг ашиглалтад оруулах хугацаа нэлээн дөхсөн учраас нэмж 400 гаруй хүн ажиллуулах шаардлагатай.

-Дулааны станцын газрыг бүрэн чөлөөлсөн үү. Энэ ажил нэлээн хэдэн сар үргэлжилж станцыг ашиглалтад өгөх хугацаанаас хойш  чангаасан сураг байсан?

-Өнгөрсөн оны тавдугаар сарын 15-наас Хотын дэд бүтцийн хэлтсээс айлуудад мэдэгдэл өгч, газрын үнэлгээг гаргасан. Газар чөлөөлөх хөрөнгийн асуудал маш хүнд байв. 2012 онд төсөв батлах үеэр станц барих тухай Засгийн газрын тогтоол гараагүй байсан. Тиймээс  2013 оны төсөвт газар чөлөөлөх хөрөнгийн санхүүжилт тусгаагүйн улмаас хүндрэл үүссэн ч нийслэлээс  бүх хүчээ дайчлан ажилласан юм. Хотын дэд бүтцийг хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр энд нэлээн санаачилгатай ажилласан. Ийнхүү газар чөлөөлөлтийн ажилд тал бүрээсээ хүч хаясны үр дүнд өнгөрсөн оны долдугаар сарын 4 гэхэд бүх асуудлыг цэгцэлж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж газар чөлөөлөх эрх нь үүссэн. Үүнээс хойш сар гаруйн хугацаанд буюу наймдугаар сарын 21 гэхэд нийт газрын 70 орчим хувийг чөлөөлж, шав тавин яндангийн суурийн цутгалтын ажлыг эхэлсэн. Одоогийн байдлаар газар чөлөөлөх явц 99 хувьтай байна. Ногоон зоорийг тодорхой шалтгааны улмаас буулгаагүй байгаа. Энэ долоо хоногт багтаан буулгаснаар газар чөлөөлөх ажил бүрэн дуусна. Концессын гэрээнд зааснаар  тавдугаар сарын 1 гэхэд газраа бүрэн чөлөөлчихвөл 2014 оны наймдугаар сарын 25 гэхэд зуухаа ашиглалтад өгөх байв. Харин газар чөлөөлөхөд 3 сар алдсан учир тэр хэмжээгээрээ хойшлохоор боллоо. Энэ ажил удааширсан явдал бол цэвэр монголын талын  асуудал юм.  Тиймээс 10 дугаар сарын 15-нд  эхний зуухыг ашиглалтад оруулан багаар бодоход 50 мВт-ын ачааллыг авсан байх  төлөвлөгөө гарган гурван ээлжээр шахуу ажиллаж байна.

 - Ингэхэд газар чөлөөлөхөд нийслэлээс хичнээн төгрөг зарцуулсан юм бол?

- Газар чөлөөлөхөд нийслэлээс 26 тэрбум гаруй төгрөг гаргасан гэж байсан.

-Нийт талбайн хэмжээ хэдэн га газар вэ. Станц барихад  газар хүрэлцэх үү?

- Ер нь газрын хүрэлцээ тун тааруу байгаа. Нийт талбайн хэмжээ 10.8 га газар. Машин техник чөлөөтэй зөрж явах боломжийг бүрдүүлье гэвэл 20 орчим га байх шаардлагатай.

-Өнөөдрийн байдлаар төслийн ажлын явц яг хэдэн хувьтай явж байна?

- Төслийн ажил нь  зураг төсөл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, бүх объектуудын газар шороо, суурийн цутгалт, зуухны барилга, утаа сорогч,  зургийн баталгаажуулалт гээд олон хүчин зүйлээс бүрдэнэ. Урьдчилсан байдлаар авч үзвэл нийт ажил 20 хувьтай явж байна.  Тухайлбал 110 мВт-ын хүчин чадал бүхий гурван зуухны үйлдвэрлэл 100 хувьтай байна. Дөрөвдүгээр сарын 21 гэхэд бүх тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хийхээр гүйцэтгэгч тал үйлдвэрлэгчтэй тохиролцсон. Одоогийн байдлаар бараа материалын нийлүүлэлт 11.3 хувьтай явж байна.

-Амгалан дулааны станц хичнээн төгрөгийн өртөгөөр босох вэ. Эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээс төлөхөөр гэрээнд тусгасан  юм бол?

-Энэ дулааны станц  75.9 сая ам.долларын өртгөөр босно. Концессын гэрээнд 2015-2016 онд төсөвт хүндрэл учруулахгүйгээр төлөлт хийхээр тусгасан. 

-Эрчим хүчний бүх эх үүсгүүр баруун талдаа байгаа. Зүүн талд 348 мВт-ын хүчин чадал бүхий шинэ станц байгуулснаар нийслэл дэх дулааны эх үүсгүүрийн хичнээн хувийг хангах  вэ?

- Зүүн талд Амгалан дулааны станц байгуулснаар хотын дулаан хангамжийн дөрөвний нэгийг дангаараа хангана гэсэн үг. Амгалан дулааны цахилгаан станц ачаалал аваад эхлэхээр тодорхой хэсгийг  тасалж өгнө. Тодруулбал Жуковын музейгээс буюу Тк 226 дугаар цэгээс ТЭЦ-3-ын дунд даралтын хэсгийн ачааллыг тус станц бүрэн хариуцах юм. Баянзүрх дүүргийн XV, XVI хороолол, Жуковын музей, Амгалан орчмын аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд шинэ станцаас дулаанаа авна. Өөрөөр хэлбэл 50 мянган айлыг дулаанаар хангах тооцоо гарсан.

-Зүүн талд ТЭЦ-5-ыг барина гэж байгаа. Эл станцыг барьснаар Амгалан дулааны станц ашигтай ажиллахад асуудал үүсэх юм биш биз гэсэн эргэлзээ бий. Тус станцид цахилгааныг хослуулан өргөтгөх боломж бий юу?

-  ТЭЦ-5-ыг зайлшгүй барих ёстой хэмээн зарим хүмүүс хэлдэг. Барьж болно. Гэхдээ асуудлыг шийдэхдээ олон талаас нь дүгнэх хэрэгтэй. Эрчим хүчнийхээ нэгдсэн системийн хүрээнд эдийн засгийн үр ашгийг тооцох ёстой. Нэг төрлийн эх үүсвэрүүд олноор нь барьснаар ашигтай ажиллагааны горим алдагдах тал бий.

-Зүүн талын хэрэглэгчдэд очих цахилгаан, дулаан  хичнээн км шугмаар дамжин хүрдэг вэ. Амгалан дулааны станцаас гадна ТЭЦ -4 дээр төсөл хэрэгжиж байгаа. Ингэснээр нийслэлийн дулаан, цахилгааны одоогийн хэрэглээг хангахад хэр дөхөх бол?

- ТЭЦ-3,ТЭЦ-4-өөс зүүн талд оршин суудаг хэрэглэгчдэд  дулаан, цахилгаан  27 км шугмаар дамжин хүрдэг. Дунд нь даралт өргөдөг насосны станцаар дэмжсэнээр доголдолгүй хүрч байна. Манайхаас гадна ТЭЦ-4 дээр 210 мВт-ын төслийн ажил явж байгаа. Ингэснээр дулаан хангамжийн хувьд тулгараад байгаа эрэлтүүдийг шийдэх боломжтой. Түүнчлэн ТЭЦ-3-ын дунд даралтын хэсгийг 250-300 мВт-аар өргөтгөвөл нийслэлд 800 орчим мВт-ын нөөц бий болж, дутагдлыг хангах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ цаана нь өсөн нэмэгдэж буй хэрэглээ байгааг санах хэрэгтэй.

 -Шинэ эх үүсгүүр болох Амгалан дулааны станц хэр чанартай баригдаж буйг хэрэглэгчид сонирхож байгаа. Хятадын “СМЕС” корпораци дулааны станц барьсан туршлага хэр олон байв. Энэ талаар судлав уу?

 -Мэдээж эргэлзээ байлгүй яахав. “China Machinery Engineering Corporation” нь Хятадын Дэд бүтцийн хөгжлийн яамны дэргэд байсан  төрийн өмчит газрыг аж ахуйн тооцоонд оруулан тусад нь гаргасан компани юм. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард МХЕГ, Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд болон ТӨХК-ийн төлөөлөлтэй урагшаа явж тус компанийн үйл ажиллагаатай танилцахад Хятаддаа нэг номерийн компаниудтай гэрээ хийж, бүтээгдэхүүний захиалга өгсөн байсан. Тухайлбал трансформаторын “Taikai group”, “Giantang river electric” зэрэг үйлдвэр нь Европ болон АНУ руу бүтээгдэхүүнээ гаргадаг туршлагатай компаниуд байсан. Үүнээс гадна Япон руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг чанарын баталгаатай үйлдвэрийн бараа, материалыг манайд нийлүүлж байна. “СМЕС” нь Малайзад 700 мВт-ын хүчин чадал бүхий станц, Туркт 1400 мВт-ын ДЦС ашиглалтад оруулсан туршлагатай корпораци юм. Бид Амгалан дулааны станцын ажлыг тусгай мэргэжлийн экспертүүд оруулж, мэргэжлийн зөвлөгөө авч ажиллаж байгаа. Монголд үлдэх учраас энэ бүтээн байгуулалтын ажлыг аль болох чанартай гүйцэтгүүлэхийг хичээж байна.

-Дулааны станц ашиглалтад орсноос хойш хэдэн жил болоод урсгал засварт орох ёстой вэ?

- Эрчим хүчний тоног төхөөрөмжийн элэгдэл нь харилцан адилгүй байдаг.  Цахилгаан дамжуулах агаарын шугам тоноглол нь 33-40, дулааны тоног төхөөрөмж, шугам хоолой нь 10-30 жил болоод бүрэн солих ёстой. Жил бүр урсгал засварыг шинэ, хуучин гэлтгүй тодорхой хугацаанд хийх нь тоног төхөөрөмжийн насжилтад ач холбогдолтой.

-Байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй хамгийн сүүлийн үеийн технологиор Амгалан дулааны станцыг барьж байгаа гэдэг. Технологийн талаар тодруулахгүй юу?

 -Эргэлдэх буцламтгай давхаргатай нам температурын шаталтын технологиор ажилладаг зуухыг барьж байна. Энэ нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи юм.  Дутуу шатсан нүүрс буцаад галын хотол руу орж  шатах бөгөөд нэг тонн нүүрс шатаахад дунджаар таван кг үнс гарна. Тоос тоосонцорын хэмжээ азот, хүхрийн ислүүд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин доогуур юм. Түүнчлэн  уг станц  айлуудын дунд барьж буй тул зарим хүмүүс ТЭЦ-3, ТЭЦ-4 шиг  нүүрсээ ил хадгалах уу гэж их асуудаг. Нүүрс ил байснаар тоосжилт их гарна. Харин шинэ дулааны станцын хувьд нүүрсний агуулах битүү сараалжтай, нүүрс түрээд явахад бороожуулагчтай  учраас бургилтаас бүрэн хамгаална

- Энэ станцын хувьд төмөр замтай ойр гэдгээрээ давуу талтай. Нүүрсээ хаанаас татахаар төлөвлөсөн бэ?

- Нүүрсний 70 хувийг Шивээ-Овоогоос, 30 хувийг Багануурын нүүрсний уурхайгаас татна. Илчлэгийн хувьд Шивээ-Овоогийн нүүрс 2200-2800 Гкал юм.

-Хэрэглэгчид дулаанаа ямар үнээр авах вэ. Одоо нийлүүлж буй томоохон станцуудаас хэр зөрүүтэй үнэ гарах бол?

-Одоо мөрдөж буй үнээс дээгүүр гарна. Яагаад гэвэл ТЭЦ-3,4 дулаан цахилгааныг хослон үйлдвэрлэдэг. Нүүрсээ шатаагаад усаа халааж уураар нь турбин эргүүлснээр цахилгаан гарч, цааш бойлерт орж дулаан үйлдвэрлэдэг. Хослон үйлдвэрлэлийг явуулж буй учир өртөг бага гарна.Харин Амгалан дулааны станцын хувьд дангаараа дулаан үйлдвэрлэх буюу усаа халаагаад өндөр даралттайгаар айлууд руу явуулах юм. Тэгэхээр дулааны өөрийн өртөг тодорхой хэмжээгээр өндөр гарна.

-Станц бүрэн хүчин чадлаар ашиглалтад орсноор хичнээн хүн ажлын байртай болох вэ?

- 100 орчим  ажлын байр гарна. Уламжлалт аргаас хол бүрэн автоматжсан учраас дээрх тооны ажиллах хүч бий болох юм. Түүнчлэн барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбоотой станц авч явах инженер, техникийн ажилтнуудыг зэрэгцүүлэн бэлтгэхээр төлөвлөж байгаа. “СМЕС” корпораци тохируулга, зүгшрүүлгийн ажлыг явуулж, гэрээний дагуу хүмүүсийг дадлагажуулна.

- Станциас гарч буй бохир усыг төвлөрсөн шугам сүлжээнд холбоход гацаа үүссэн гэж сонслоо. Энэ үнэн үү?

-Станциас гарч буй бохир усыг одоо байгаа төвлөрсөн шугам сүлжээнд холбоход нэвтрүүлж чадахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Шархад-Улиастай-Амгалангийн бохирын коллекторт холбох техникийн ажлын зураг төсвийг 2012 онд хийсэн. 2013-2014 онд барилга угсралтын ажлыг хийхээр төлөвлөсөн ч өнгөрсөн наймдугаар сард төсвийн тодотголоор хөрөнгийг буцаан татсан. Хэрэв энэ ажлыг энэ зун багтаан хийхгүй бол станциас гарч буй бохирыг зайлуулах  боломжгүй болж дулааны станц ажиллахгүй байх магадлал өндөр юм.  Хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох яамд саналаа нэгтгэн Засгийн газарт өргөн барьсан.

- Хотын зүүн тийшээ дэд бүтэц муутай. Тэгэхээр Амгалан дулааны станц баригдснаар хөгжлийг хэр дөтөлнө гэж та бодож байна?

-Улаанбаатар хотод1983 оноос хойш эрчим хүчний эх үүсгүүр шинээр баригдаагүй. Амгалан дулааны станцыг барьснаар хотын дэд бүтэц эрс сайжирч, өнгө үзэмж өөрчлөгдөнө.Түүнчлэн үйлдвэржилт, хотжилт хүрээгээ тэлэн хөгжил ирж,  амьдрах орчин эрс өөр болно.

Б.Ариунзаяа

   

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ