Өмнөд бүсийг эрчим хүчээр хангах хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол боллоо.
Тус гэрээ нь өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах цогц төлөвлөгөөг ажил хэрэг болгох, урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны үндэс суурийг тавих алхам болох бөгөөд “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм. Энэхүү ажлын хүрээнд “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгоход шаардагдах “Оюу толгой” ХХК-ийн толгой компанийн дэмжлэг зэрэг бусад холбогдох асуудлуудыг зохицуулсан юм.
Төрийн ордонд болсон гарын үсэг зурах ёслолд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон бөгөөд Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Оюу толгой компанийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Эрчим хүчний сайд М.Сономпил “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлснээр дотоодын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Монгол ардын үгэнд “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэсэн байдаг. Үүнийг Оюутолгой, Тавантолгой цахилгаан станц зэрэг мега төсөлд хэрэгжүүлэх хэрэгтэй юм” гэлээ.
Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь Оюу толгойн хувьд томоохон дэвшил болж байна. Энэ нь Засгийн газар болон Оюу толгой компани нэгдмэл зорилгын төлөө хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо. Энэ удаад бид өмнөд бүсийг урт хугацааны, эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахад хамтран ажиллах юм” гэж хэллээ.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний дараа “Монгол Улсын Засгийн газар болон "Оюутолгой" ХХК хоорондын хамтын ажиллагаа, мөн харилцан ойлголцолыг харуулсан үйл явдал боллоо” гэдгийг талууд давхар онцолсон юм.
“Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийн захирал М.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Тавантолгой цахилгаан станцын төсөл”-д Оюутолгой хамтарч буй ач холбогдол юу вэ?
-Тавантолгойн цахилгаан станцыг гадны хөрөнгө оруулалтаар барихаар бид хичээж байна. Гэхдээ зөвхөн станц байгуулагдсанаар асуудал шийдэгдэхгүй. Тэр эрчим хүчийг авах том хэрэглэгч байх ёстой. Тэр хэрэглэгч нь гарцаагүй “Оюу Толгой” компани. Тийм учраас том үйлдвэрлэгч, том хэрэглэгчийн харилцаан дээр түшиглээд төслийн нэр хүнд өснө. Мэдээж зөвхөн нэг нь нөгөөдөө өгч авах асуудал биш өөр бусад компани, орон нутгийн цахилгаан эрчим хүчийг хангах тухай ярих ёстой. Тэр утгаараа бидний хамтын ажиллагаа зөвхөн цахилгаан станц байгуулах асуудал биш, ерөөсөө Монголд Өмнийн эрчим хүчний систем байгуулах асуудал яригдаж байгаа хэрэг юм. Одоогоор Монголд Зүүн, Баруун эрчим хүчний системээс гадна, Алтай, Улиастай, Төвийн эрчим хүчний систем бий. Өмнөд бүсдээ бид том хөгжлийн талаар яриад байдаг. Гэтэл эрчим хүчний систем нь шийдэгдээгүй. Зургаан мегаваттын Даланзадгадын, 18 мегаваттын хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн станц байдаг. Зөвхөн тэрүүхэн тэр хавьдаа ажил нь явдаг. Харин бидний барих гэж байгаа 450 мегаваттын том станц бол зөвхөн станц барих бус сүлжээ үүсэх процесс юм. Тэр утгаараа “Оюу Толгой”-той хамтрах учиртай. Ялангуяа “Оюу Толгой” урд хөршөөс эрчим хүчээ авч байгаа энэ үед бид цахилгаан нийлүүлэх асуудлыг ярихгүй бол болохгүй.
-“Оюу Толгой”-н зүгээс төсөлд өөр ямар үүрэгтэй оролцож байгаа вэ?
- Нэгдүгээрт энэ бол холыг харсан стратеги учраас байгуулаад байгаа энэхүү гэрээ олон улсын өмнө биднийг хамтарч ажиллана гэсэн итгэлцлийг бий болгож байгаа. Нөгөө талаар шинэ эрчим хүчний станцаас “Оюу Толгой” цахилгаан авна гэсэн мессежийг хөрөнгө оруулагчдад, гадаад ертөнцөд өгч байгаа нь ажлыг зөв чиглүүлнэ. Хөрөнгө оруулагчид итгэлтэй байх ёстой. Тэр итгэлийг “Оюу Толгой” өгч байгаа гэж ойлгож болно.
-Тарифын хувьд Хятадаас авч байгаа эрчим хүчнээс хямд гэж ойлгож болох уу?
-Одоохондоо энэ талаар ярих аргагүй. Яагаад гэвэл Тавантолгой станц дээр дөрвөн хөрөнгө оруулагч үлдээд байгаа. Бид аль болох эрчим хүчнийхээ үнийг хямд байлгах хөрөнгө оруулагч сонгоно. Яагаад гэхээр эрчим хүч тэнд байгаа Монголын уул уурхайн компани, орон нутгийн хэрэглэгчид хүрч байгаа учраас хямд байх учиртай.
-18 хөрөнгө оруулагчаас дөрөв үлдсэн. Тэдний зүгээс манайд тавьж байгаа шаардлага байгаа юу?
-Одоогоор дөрвөн хөрөнгө оруулагч үлдсэн. Японы “Марубени” корпораци, БНСУ-ын “Daewoo Engineering & Construction” компани, Японы “Kansai Electric Power” болон БНСУ, Францын хамтарсна компани. Өнгөрсөн оны 10 дугаар сард бид техникийн даалгаварыг өгсөн, одоо энэ сард багтааж арилжааны даалгавар өгнө. Арилжааны даалгавар гэдэг нь хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, эрчим хүч худалдах, худалдан авах тал дээр “Оюу Толгой” ХХК, Монголтой хамтарна гэсэн энэ гэрээ, ус, нүүрс худалдаж авах гэрээ, үнсээ зайлуулах, хувьцаа эзэмшигчдийн гэх мэтчлэн 20 орчим гэрээ байгаа. Маш их цаг авсан энэ ажлыг бид өнгөрсөн хугацаанд хийлээ. Одоо ойрын хугацаанд үүнийгээ хөрөнгө оруулагчдад хүргэнэ. Тэрний хүрээнд хөрөнгө оруулагчид тооцоогоо бодоод, хөрөнгө оруулъя гээд уралдаад ирэх учиртай юм. - See more at: http://economy.time.mn/content/48309.shtml#sthash.FXPXk2AQ.dpuf




























Сэтгэгдэл