ЭХЯ, Бридж групп, Япон Улсын Фармдо компани 20 МВт-ын Нарны эх үүсвэрт Монгол улсад барьж ашиглах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-д сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уламжлалт эрчим хүчний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахыг стратегийн зорилго болгон оруулсан, энэ зорилгын хүрээнд эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьсан.
Монгол Улс нь “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” НҮБ-ын суурь конвенцийн 2005 онд хүчин төгөлдөр болсон Киотогийн протоколд нэгдэн орсон бөгөөд нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Япон Улстай “Хамтарсан кредитийн механизм” хэлэлцээрийг байгуулсан байдаг.
Фармдү компани нь Япон Улсад нарны эрчим хүчний үүсгүүр бүхий нийт 82МВт хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлсэн туршлагатай.
Санамж бичгийн зорилго нь Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод тусгасан стратегийн зургадугаар зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд талуудын хамтын ажиллагааны зарчим, цар хүрээг тодорхойлоход чиглэгдэж байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хот орчим Налайх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2 байршилд нийт 20МВт хүчин чадалтай нарны эрчим хүчний үүсгүүртэй цахилгаан станц барьж, хэрэгжүүлж байгаа үйлдвэрлэлийн төсөлд хэрэглэх, илүүдэл цахилгаан эрчим хүчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулсан гэрээгээр сүлжээнд нийлүүлэхээр тусгасан байна.




























Сэтгэгдэл