Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Цаг агаарын гэнэтийн цочир хүйтрэл, эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахад тулгарч буй хүндрэлийг давах, нүүрсний уурхай, эх үүсвэр, цахилгаан дулааны хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Эрчим хүчний сайд 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах тухай” тушаал гаргалаа.
Энэхүү тушаалаар эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд болон тэдгээрийг нүүрсээр хангагч уурхайнуудын гүйцэтгэх захирал нарт үйл ажиллагааныхаа найдвартай байдлыг хангах, үндсэн тоноглолын сэлгэн залгалт хийхгүй байх, технологийн сахилгыг хатуу мөрдөх, хотын дэд станц, хуваарилах байгууламж хэт ачаалалд орох, кабель шугамд гэмтэл гарсан үед шуурхай сэргээн засварлаж ажиллах, станц болон түгээх сүлжээнд 24 цагаар хариуцлагатай бригад ажиллуулах, ажиллагсадын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, болзошгүй техникийн гэмтэл, саатлын үед яаралтай арга хэмжээ авах бие бүрэлдэхүүн болон техник хэрэгсэлийн бэлэн байдлыг хангах, станцуудыг чанарын шаардлагад нийцсэн нүүрсээр тасралтгүй хангахыг даалгажээ. Түүнчлэн уг тушаалаар эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон нүүрсний уурхайн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих хариуцлагатай албан тушаалтангуудыг томилж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хийх 19 зүйл бүхий ажлын төлөвлөгөөг баталсан байна.
Мөн нөхцөл байдал хүнд байгаа Өмнөговь аймгийн цахилгаан хангамжийг сайжруулах талаар яаралтай арга хэмжээ авахаар болов.
Эрчим хүчний дутагдал, хязгаарлалттай байсан Говь-Алтай, Завхан аймгийн сум болон аймгийн төвийг төвийн эрчим хүчний системд холбож, хэвийн ажиллагаанд оруулсан байна.
Өндөржүүлсэн бэлэн байдал 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.




























Сэтгэгдэл