Шагнал гардууллаа
Эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тул “Дэнлүү” ХХК-ний гүйцэтгэх захирал Чүлтэмийн Гомбожавт Монгол Улсын Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одон хүртээснийг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт гардуулж баяр хүргэлээ.
1980 онд ЗХУ Ленинград хотын Цахилгаан холбооны дээд сургуульд суралцаж төгсөөд Эрчим хүчний барилга угсралтын трестээс анхны хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш эрчим хүчний салбарт 35 жил ажиллаж байна.
Ч.Гомбожав нь өнгөрсөн хугацаанд Эрдэнэт, Булган, Хархорин, Цэцэрлэг, Дорнод 110/10кВ, Баруун, Умарт, болон Налайх, Арвайхээр, Мандалговь, Хэнтий Баянмөнх, Өндөрхан, Баянчандмань зэрэг 110 кВ станцууд, 35 кВ-ын 20 гаруй дэд станцын өндөр үелзлэлийн холбоо болон реле хамгаалалт, өндөр хүчдлийн туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 1996 оноос Дэнлүү ХХК-ийг байгуулан Баруун бүсийн эрчим хүчний системийн Улаангом, Чадан (ОХУ), Баян-өлгий, Ховд, Увс аймгийн Өмнөговь сум, Ховд аймгийн Мянгад, Баян-өлгий аймгийн Алтанцөгц сумйн 110кВ-ын шугам дэд станцууд гэх мэт олон байгууламжийн өндөр үелзлэлийн холбооны зураг проект, угсралт туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
Түүнчлэн Диспетчерийн үндэсний төвийн захиалгаар хэрэгжиж буй ЭХХ-1 (эрчим хүчний хөтөлбөр-1) Монгол-Германы хамтын ажиллагааны төслийн холбоо мэдээллийн хэсгийг хариуцсан зөвлөхөөр ажиллажээ.
Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймаг, Ховд аймгийн Дарви сумын 35кВ, Тайширын Усан цахилгаан станц, Цагаанчулуут, Улиастай хотын 110кВ, Оюутолгой, Баян-Овоогийн 35кВ, Тавантолгой, Манлай сумын 35кВ, Чойр, МАК-ийн цементийн үйлдвэр 110кВ, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Дулаан Хар-Уулын 110кВ зэрэг өндөр хүчдлийн шугам дэд станцуудад өндөр үелзлэлийн холбооны тоног төхөөрөмжийн угсралт, туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Одоо 2014 оноос Улаанбаатар хотын Сонгино-ТЭЦ-4 220кВ, Сонгино-Зайсан 110кВ, Дорноговь аймгийн Цагаансуврага-Оюутолгой 220кВ-ын шугам дэд станцын шилэн кабелийн мэдээллийн төхөөрөмжийн зураг төсөл, угсралт, тохиуулгын гэрээт ажлыг эхлэхээр бэлтгэл ажилд ороод явж байна.




























Сэтгэгдэл