ЭХЯ-ны шуурхай зөвлөгөөн боллоо
Долоо хоног бүрийн даваа гаригт болдог ЭХЯ-ны шуурхай зөвлөгөөн 2016 оны гуравдугаар сарын 14-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт удирдан явууллаа.
Зөвлөгөөний эхэнд Диспитчерийн Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар системийн хэмжээнд эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, тасалдал ямар байсан талаар товч мэдээлэв. Дараа нь Эрчим хчүний хөгжлийн төвийн дэд захирал Э.Мөндөр, Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл, Эрчим хүчний Эдийн засгийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Амарсанаа нар тус тусынхаа байгууллагад өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулав.
Зөвлөгөөнд Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн Б.Бассайхан оролцож салбарын үйлдвэр компаниудын 2015 оны үйл ажиллагааны тайлан нэгтгэгдэн гарсан бөгөөд ЭХЗХ-ны 2015 оны тайланг ирэх долоо хоногт ЭХЯ-ны удирдлагуудад танилцуулна гэж мэдээлэв.
Шуурхай зөвлөгөөнд оролцож байгаа ЭХЯ-ны газар, хэлтсийн дарга нар харьяа газруудынхаа долоо хоногийн тайланг танилцуулав. Тухайлбал, Стратеги бодлого төлөвлөтийн газрын дарга П.Товуудорж өнгөрсөн долоо хоногт Энэтхэг улсад албан томилолтоор ажилласан тухайгаа товч танилцуулж, Энэтхэг улсаас Монгол Улсад олгохоор шийдвэрлэсэн 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон тухай мэдээлэв.
Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар өнгөрсөн долоо хоногт Амгалан ДС-ын удирдлага, төслийн нэгжтэй хамтарсан хурал хийж, тус станцыг улсын комисст бүрэн хүлээн авахад шаардлагатай ажлын талаар үүрэг даалгавар өгсөн тухай мэдээллээ. Түүнчлэн Их тойруу төслийн хүрээнд холбогдож чадахгүй байгаа шугамын асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудтай ажиллаж байгаа тухай танилцуулав.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тодорхой асуудлуудаар үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, Энэтхэг улсаас Монгол Улсад олгохоор шийдвэрлэсэн 1 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд Стратеги бодлого төлөвлөлтийн газар, Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний төв нягт хамтран ажиллаж бодитой хэрэгжих төсөл, хөтөлбөр яаралтай боловсруулах, АСЕМ-ын хурлын хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний талаар хоёр талын болон олон талын яриа хэлэлцээр үүсгэж, хамтын ажиллагааны шинэ түшинг бий болгохын тулд санаачлагатай ажиллах, АСЕМ-ын хурлын бэлтгэл ажлын хүрээнд Төрийн ордон, Их тэнгэр цогцолборын цахилгаан эрчим хүчний найдвартай байдлын хангахын тулд аюулгүйн нөөц бий болгох тухай Эрчим хүчний сайдын тушаалын хэрэгжилтийг яаралтай хангах, Эрчим хүчний нэгдсэн дүрмийг шинээр боловсруулах ажлыг яаравчлах, Оюу толгой төслийн хүрээнд эрчим хүчний чиглэлээр байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг эргэж харан, гүйцэтгэлд нь хяналт тавих гэх мэт үүрэг даалгавар өгөв.




























Сэтгэгдэл