“Улсын аварга малчин”, “Улсын аварга тариаланч хамт олон”- д шагналыг нь гардууллаа

A- A A+


Photo

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ онд 103 малчныг “Монгол Улсын аварга малчин”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”-оор өргөмжилж буй. Эрхэм хүндтэй шагналыг УИХ, Засгийн газрын гишүүд гардуулж, хүндэтгэл үзүүлж байна. 

  

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир багийн малчин Бүүвэйн Баттогтох “Улсын аварга малчин” цол хүртэж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ. Түүний аав Бүүвэй 45 жилийн өмнө “Үнэгтийн өвөлжөө” буюу энэ л буурин дээр оторлож байхдаа “Улсын аварга малчин” цол хүртсэнийг нутгийнхан билэгшээж, буурлын буян шингэсэн нутаг хэмээн өгүүлэх аж. Л.Баттогтохынх 2700 гаран тоо толгой малтай. Малаа дөрвөн төрөлд өсгөж, ашиг шимийг нь сайжруулахаас гадна сумандаа ажлын байр бий болгон, залуу малчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж явна. Улсын аварга малчин Б.Баттогтох ярихдаа “Энэ гол, энэ буурь сайхан буянтай газар. Аав минь энэ л нутагт өвөлжиж байхдаа улсын аварга болж байлаа. Аавын минь малч ухаан бидэнд өвлөгдөж, миний том хүү Барсхүү ч аймгийн аварга малчин болсон. Миний хувьд ес эхэлтэл малаа задгай малладаг нь ааваасаа өвөлсөн арга барил” хэмээв.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 171000 толгой малтай. 2016 оны эцсээр энэ нутагт мянгат малчин ес төрж, ХХААХҮЯ-ны жуух бичгээр шагнууллаа. Мөн Эрчим хүчний яамны тэргүүний ажилтан цол тэмдгээр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг шагнасан юм. 

  

Дараа нь ажлын хэсэг Хөвсгөл аймгаас 200 км-ийн зайд отор нүүдэл хийж буй Чадраагийн Зинамэдэрийн өвөлжөө рүү зүглэв. Ренчинлхүмбэ сумын Ёлт багт өвөлжиж буй эднийх жилдээ 20 гаран удаа нүүдэл суудал хийдэг нь нутаг усны шимтэйг сорчилж буурь сэлгэдэгтэй холбоотой аж. Цаг уурын хувьд харьцангуй хүйтэн, хүнд нөхцөлд малаа маллахын зэрэгцээ 10 гаруй өрх айлыг малжуулж явна. Мөн төрөл садныхаа хүүхдүүдийн сургалтын төлбөрийг хариуцдаг гээд Ч.Зинамэдэрийнх нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага өндөр гэнэ. 1300 гаруй толгой малтай Ч.Зинамэдэр малаа таван толгойд өсгөж, нутагтаа хоёр дахь аваргын шагналыг авчирч буй нь энэ юм. 

  

Булган аймгаас энэ жил “Улсын аварга малчин” тав төрж буйн нэг нь Хутаг-Өндөр сумын Ханатай багийн малчин Дашдоржийн Алтанхуяг юм. Тэрбээр отор нүүдэл сайн хийж, жилд 10 гаран газарт нутаг сэлгэн, малаа өсгөдөг тухай нутгийнхан нь хуучилналээ. Тэрбээр одоо аймгийн төвөөс 170 гаруй км-т байрлах газарт өвөлжиж байна. Д.Алтанхуяг ярихдаа “Энэ жил өнөтэй сайхан өвөл боллоо. Миний хувьд малаа чанаржуулахад анхаарч, ургамал шимийн сайныг даган отор хийж явна. Малын буян хишиг тун их. Сайхан нутгийн зон олон, түмний дэмжлэгээр өдий зэрэгтэй яваадаа баяртай байна” гэв. Д.Алтанхуягийн ээж Г.Сүрэн Улсын хошой аварга саальчин байсан төдийгүй ах, дүү нараас нь ч мянгат малчид төржээ. Тэрбээр эхээс наймуулаа өссөний тав нь мал дээр гарсан гээд удам дамжсан аваргынд шагналын хур буулаа.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Улсын аварга тариаланч хамт олон”-д шагналыг нь гардууллаа. Булган аймагт газар тариалан эрхэлж буй “Улаан буудайн эх газар” ХХК энэ нэр хүндтэй шагналын эзэд болж байна. 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй энэ компани 1450 га эргэлтийн талбайтай, 30 гаран ажилтантай. Аймагт ажлын байр бий болгож, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж яваа энэ хамт олны хөдөлмөр зүтгэлийг ийнхүү төр засаг үнэлж аварга тариаланч хамт олноор өргөмжилж байна. “Улаан буудайн эх газар” ХХК-ийн захирал Ө.Батжаргал ярихдаа “Анх энэ газарт тариалалт эрхлэхдээ ямар ч туршлагагүй, нимгэн нойтон хувцастай ганцаараа л ирж байлаа. Харин өнөөдөр 30 гаран хүнтэй болж өргөжсөн нь энэ сайхан нутгийн хамт олны ивээл гэж баярлаж явдаг. Цаашид га-с авах ургацынхаа хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” гэв.

Булган аймаг газар тариалангийн нийт 23000 га эргэлтийн талбайтай, үүнд 30 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ