Япон улсын Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн “Хөдөөгийн орлого багатай хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний үйлчилгээг сайжруулах туршилтын төсөл”-ийн хаалтын ёслол 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Улаанбаатар зочид буудалд боллоо.
Ёслолд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, АХБ-ны төлөөлөгч С.Ямамура, Манитоба Хандрю Интернейшнль компанийн зөвлөх Франк Чан, Төслийн нэгжийн удирдагч Ц.Санчин нар оролцож төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар товч үг хэлэв.
“Хөдөөгийн орлого багатай хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний үйлчилгээг сайжруулах туршилтын төсөл”-ийн хүрээнд Буцах газардуулгатай нэг дамжуулагчийн систем (БГНДС)-ийг орон нутагт нэвтрүүлсэн юм.
Буцах газардуулгатай нэг дамжуулагчийн систем (БГНДС)нь Канад, Шинэ Зеланд, Австрали, Өмнөд Африк зэрэг улс оронд ачааллын нягт багатай бага чадлын алслагдсан хэрэглэгчдэд өргөн хүрээтэй хэрэглэгддэг шугамын систем юм.Гурван фазын дамжуулагч утасны оронд дан ганц дамжуулагчийг ашиглах нь ердийн эрчим хүчний сүлжээнээс харьцангуй хямд төсөр арга юм. Энэхүү шугамын системийг Монгол инженерүүд дээрхи орнуудад туршлага судлаж ирээд, манай оронд нэвтрүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлэх саналыг Азийн Хөгжлийн Банк (АХБ)-нд тавьж Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.
Төслийн хүрээнд АХБ-ны санхүүжилтээр болон дотоодын хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Баян сумын Цант, Эрдэнэсант сумын Баргилт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнээ ферм, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат, Адаацаг сумын Ар-Урт, Увс аймгийн Тэс сумын “Таван улиас”,Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл, Бүрэн сумын Өнжүүл, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цэцэгт, Дорноговь аймгийн Алтанширээ баг зэрэг нийт 10 гаруй багийн төв, суурин газрыг энэ нэг фазын шугамаар эрчим хүчинд холбоод байна. Эдгээр багийнтөвүүдийг эрчим хүчээр хангах техникийн нөхцөл, зургийн даалгавар, геологи, геодезийн судалгаа, хөрсний эсэргүүцлийн хэмжилт, газардуулгын тооцоо, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлыг Канад улсын MANITOBA HYDRO INTERNATIONALзөвлөхкомпаниболон дотоодын зөвлөх Мон-Энержи ХХК, төслийн нэгж хамтран гүйцэтгэсэн юм.
Туршилтын төслийн хүрээнд багтсан баг, суурин газруудад 25-200КВА хүртэл чадалтай тусгаарлах ба түгээх трансформаторууд, нэг бүр нь 0,5-50км хүртэл урттай нэг фазын 20кВ-ын хүчдэлтэй нийт 300 шахам км урт цахилгаан дамжуулах шугамыг монгол орны нөхцөлд анх удаа барьж ашиглалтанд оруулж байгаа болно.
“Буцах газардуулгатай нэг дамжуулагчийн систем”-ийг ашиглах нь техникийн шийдлийн хувьд боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд ердийн гурван фазын шугамын системтэй харьцуулахад харьцангуй /40-80 хувиар/ хямд болох нь нотлогджээ.
БГНДС-ийг хэрэглэснээр эрчим хүчний түгээх болон дамжуулах системд ямар нэг хүндрэлтэй сөрөг нөлөө гараагүй бөгөөд цаашид энэ шугамын системийг улс орон даяар хэрэглэж болох юм гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.
Төсөл амжилттай хэрэгжсэнтэй холбогдуулан Эрчим хүчний сайдын тушаалаар төслийг санхүүжүүлэгч болон хэрэгжүүлэгч байгууллагууд, төслийн нэгжийн хамт олны төлөөлөл болсон нэр бүхий гадаад дотоодын хүмүүсийг засгийн газрын шагнал болох Эрчим хүчний тэргүүн ажилтан цол, Эрчим хүчний яамны хүндэт жуух бичгээр шагнасныг тус тус олгож баяр хүргэлээ. Шагналыг ЭХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Л.Батсайхан, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж нар гардуулж баяр хүргэлээ.