Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Австрали улсаас Монгол Улсад суух элчин сайд Дэйв Воусэнг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд элчин сайд Дэйв Воусэн Эрчим хүчний сайд Н.Тавинбэхид баяр хүргэж, цаашдын ажилд амжилт хүслээ. Тэрээр манай хоёр орны эрчим хүчний салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монгол, Австрали хоёр улсын эрчим хүчний салбарт ижил төстэй талууд их байдгийг элчин сайд Дэйв Воусэн онцоллоо. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хуримтлуулсан туршлагаас хуваалцахад бэлэн гэлээ. Мөн “Оюу Толгой” ХХК болон өмнийн бүсийг эрчим хүчээр хангах Тавантолгойн цахилгаан станцыг барихад хөрөнгө оруулалтын зарим асуудалд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний салбарт олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх гол төслүүдийн талаар дурдав. Мөн Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц барих нь “Оюу Толгой” төслийн ил болон далд уурхайн ажлыг эрчим хүчээр хангах, өмнийн бүсийг эрчим хүчээр хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах стратегийн чухал ач холбогдолтой учраас Засгийн газар онцгой анхаарч төслийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. Уг асуудалд дэмжлэг үзүүлэх санал тавьсан элчин сайд Дэйв Воусэнд талархал илэрхийллээ.