Уулзалтад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Сайдын зөвлөх П.Товуудорж, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван нарын албаны хүмүүс оролцон элчин сайд И.К.Азизовын хамт Худалдаа эдийн засгийн зөвлөх М.Мешанинов, 2-р нарийн бичгийн дарга С.Безруков, ОХУ-ын худалдааны төлөөлөгч М.В.Васильев нар байлцлаа.
Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Тэрээр хоёр орны Эрчим хүчний салбар дахь олон жилийн найрсаг хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд Орос мэргэжилтнүүдийн оруулсан хувь нэмэр их байсныг сайд Н.Тавинбэх тэмдэглээд ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “ДЦС-IV”ТӨХК-ийн турбогенераторийг шинэчлэх төслийн хэрэгжилтэд анхаарч, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн “ДЦС-III” ТӨХК-ийн өргөтгөл, Тавантолгойн цахилгаан станц барихад ОХУ-ын талаас нэр хүнд бүхий томоохон компаниуд оролцох сонирхолтой байгаа талаар харилцан ярилцлаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монгол Улсын эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг танилцуулж, тэр дундаа усан цахилгаан станцын төслүүдэд ОХУ дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.