Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөлдлөө. Энэхүү уулзалтад 30 орчим байгууллагын төлөөлөл оролцсон ба зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулж буйд талархал илэрхийлсэн юм. Эрчим хүчний яам салбарын төрийн бус байгууллага, мэргэжллийн холбоодтой хамтран ажилласнаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлого боловсруулахад хамтран ажиллах, эрчим хүчний салбарт технологийн шинэчлэл, инновацийг нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг давтан сургах зэрэг чиглэлд ахиц гарна гэдэгт санал нэгдлээ. Цахилгаан эрчим хүчний дутагдаж байгаа эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд үр дүнтэй хамтран ажиллах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг эрчим хүчний салбарын суурь, дэд бүтэцтэй уядуулах, мэргэжлийн бус томилгоог цэгцлэхэд анхаарах, салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар зөвлөлдлөө.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын бодлого төлөвлөлт, эрх зүйн орчныг сайжруулахад хамтарч ажиллах, сангийн хөрөнгүүдийг зориулалтын дагуу ирээдүйд хэрэгтэй зүйлд зарцуулах, эх үүсвэрийн дутагдлаас гаргах төслүүдийг анхаарч ажиллахаа мэдэгдлээ.