“ДЦС –IV”ТӨХК-ийн турбингенератор№1-4-г шинэчлэх төслийн хэрэгжилт 75 хувьд хүрч, өвлийн их ачааллаас өмнө ТГ-2 машиныг ачаалалд амжилттай залгасан. Өнөөдөр тус компанийн инженер техникийн ажилтны зөвлөгөөнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, сайдын зөвлөх П.Товуудорж нар оролцож, төслийн тодорхой үе шатыг амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлж, баяр хүргэлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Турбингенератор №1-4-г шинэчлэх төслийн ажлыг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гарган чин сэтгэлээсээ ажиллаж байгаа ИТА, хамтран ажиллагч байгууллагуудад талархал илэрхийлж байна. Монгол Улсын Эрчим хүчний салбарт дорвитой хувь нэмэр оруулж буй томоохон төслийн үр дүн гарч, гүйцэтгэж буй ажлынхаа үр шимийг бүрэн үзэх хугацаа ойрхон ирлээ. Энэ бол маш сайн үр дүн. Асуудал байгаа ч хамтын шийдэл олж байгаа нь ажилдаа эзэн болсны баталгаа юм” гэж урмын үг хэллээ.
Энэхүү хамт олны хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газрын шагнал Эрчим хүчний тэргүүний ажилтан цол, тэмдгээр Турбин цехийн баланс доргионы мастер С.Пүрэвсүрэн, Турбин цехийн Машинт тоноглолын засварын мастер С.Эрдэнэбат, Цахилгаан цехийн Ерөнхий схемийн реле хамгаалалтын инженер Б.Мягмарсүрэн, ДХХАЦ-ийн Ерөнхий хэмжүүрийн инженер Б.Даваадалай, төслийн гүйцэтгэгч ОХУ-аас ирж ажиллаж буй шиф инженер Колосов Сергей Анатольевич, “Ротек” ХК-ний мастер Назаров Сергей Геннадьевич, “Энергетичиские решении” компанийн талбайн удирдагч Злобин Андрей Павлович, “Ротек” ХК-ний дулаан техникийн тэргүүлэх инженер Лесин Евгений Николаевич нарыг шагналаа.