Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Хурлаар салбарын удирдах ажилтнуудаас аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрмийн мэдлэгийн шалгалт зохион байгуулсан ажлын хэсэг танилцуулга хийсэн.
Эрчим хүчний сайдын тушаалаар дээрх шалгалт авах ажлыг 2021.06.14-28-ны өдрийн хооронд зохион байгуулахад 31 байгууллагын нийт 616 удирдах ажилтан, албан хаагч хамрагджээ. Шалгалтыг коронавируст халдвар /КОВИД-19/-ын ойрын хавьталд тодорхойлогдсон, ээлжийн амралттай, аймаг орон нутагт нэвтрэх боломжгүй гэх шалтгаанаар 171 ажилтныг зайнаас, 445 ажилтныг танхимаар зохион байгуулсан. Мөн коронавируст халдвар /КОВИД-19/-аар өвчилсөн нь батлагдсан, ар гэрийн гачигдалтай болон албан томилолтоор ажиллаж байгаа шалтгаанаар 75 албан хаагч хамрагдаагүй байна.
Мөн эрчим хүчний яаманд 2021 оны эхний хагас жилд иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар танилцууллаа. Нийт 163 өргөдөл, гомдол ирсэнээс 154 – ийг шийдвэрлэсэн. Хяналтад 9 өргөдөл, гомдол байгаа бөгөөд шийдвэрлэлтийн биелэлт 94.48% байна. Өргөдөл, гомдлын дийлэнхийг ажилд орох, гарах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж зэрэг төрийн болон салбарын ажилтан, албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаа, тусламж дэмжлэгтэй холбоотой байгаа талаар танилцуулав.
