Эрчим хүчний яамнаас хувийн хэвшлийн компаниудын төлөөллийг оролцуулсан ээлжит уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэж буй их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хувийн хэвшлийн 27 үйлдвэр, компанийн төлөөллийн санал бодлыг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх уулзалтыг нээж “Улсын хэмжээнд эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, бүс нутгуудад үйлдвэрлэл технологийн паркууд байгуулах, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлж, ажлын байр бий болгох цаашлаад хот, суурин газруудын шинэ суурьшлын бүсүүдийг бий болгоход эрчим хүчний салбар онцгой үүрэгтэй. Хэдийгээр хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг болтлоо санхүү болон техник технологийн хүндрэлтэй нөхцөлд орсон ч эрчим хүчний салбар өнөөдрийг хүртэл нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирснийг онцлон хэлэхийг хүсч байна. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих эхний жилүүдэд эрчим хүчний салбар хүнд нөхцөлд байсан. Засгийн газраас гадаад, дотоодын боломжит эх үүсвэрүүдээр хөрөнгө оруулалт хийж ажилласны үр дүнд эрчим хүчний өнөөгийн эрэлт хэрэгцээг ханган ажиллаж чадах боломжийг бүрдүүлж чадсан гэдгийг” онцоллоо.
Эрчим хүчний хөгжлийн төслүүдэд одоо ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх 6, шинэ эх үүсвэр барих 5, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж Монгол улсын нэгдсэн сүлжээ үүсгэх 7 төсөл арга хэмжээ тус тус төлөвлөгдсөний зэрэгцээ Дэлхийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх байгаль орчинд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэд технологи, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр багц төслийг тусган ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 2 дахин, цахилгаан дамжуулах шугам сүлжээний хүчин чадал 2 дахин нэмэгдэх бөгөөд үүнд нийт 14.9 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдаж байгаа юм.
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй үед төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ойлголцол илүү нягт байх ёстойг төлөөлөгчид хэлж байлаа. Ажлын олдоц буурах хэрээр үйлдвэр, компаниудын нөхцөл байдал хүндэрсээр байгаа талаар учирлалаа.