Бельгийн Вант Улсын Брюсель хотноо Эрчим хүчний Хаартын 2022 оны Бага хурал 06 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд Европын холбооны байранд зохион байгуулагдлаа. Монгол Улс энэ удаагийн хурлыг ахлан ажилласан ба Хаартын Түр Бага хурлыг эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай даргалж, хуралдуулсан юм.
Хуралдаанаар Эрчим хүчний Хаартын гэрээний нэмэлт өөрчлөлтөд зарчмын хувьд санал нэгдсэн түүхэн арга хэмжээ болсон. Тус өөрчлөлтийг 51 орон хоёр жилийн хугацаанд 15 удаагийн гэрээ шинэчлэлийн хэлэлцүүлгээр харилцан хэлэлцжээ.
Мөн энэ оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо Эрчим хүчний хаартын ээлжит Бага хурлыг хуралдуулж, сайд нарын түвшинд нэмэлт өөрчлөлтийг батлах юм.
Эрчим хүчний Хаартын гэрээ нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа хил дамнасан эрчим хүчний худалдаа, хөрөнгө оруулалт, дамжуулан тээвэрлэлтийн зохицуулалтыг хийх зорилготой. Тус гэрээнд 2021 оны байдлаар Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнууд, эрчим хүч экспортлогч, импортлогч болон дамжуулан тээвэрлэгч нийт 51 орон бүрэн эрхт гишүүнээр, 42 орон ажиглагчаар байдаг. Монгол Улс тус гэрээнд 1998 онд нэгдэн орсон цагаас хойш Эрчим хүчний Хаартын Ерөнхий нарийн бичгийн даргын газартай олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.


