2013-06-06 10:21:23

“Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй”

Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр өнөөдөр тохиож буй. Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэл өнөө үед хурцаар яригдах болсон. Нүүрс түлдэг цахилгаан станц, цөмийн цахилгаан станц нь утаатай эсвэл хор хөнөөл ихтэй гэдэг утгаараа өнөө үед дэлхий дахин сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад онцгой анхаарч эхэлсэн билээ. Энэ талаар “Clean energy” компанийн захирал Ц.Сүхбаатартай ярилцлаа.

Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийг тохиолдуулан нэлээд хэдэн уулзалт семинар зохион байгуулагдлаа. Эдгээр хурлаар ямар асуудлууд яригдсан бэ?

Байгаль орчны өдөртэй холбогдож, хүрээлэн буй орчноо хамгаалах байгаль орчны бохирдлыг багасгах асуудлын талаар ярилаа. Хамгийн гол нь байгаль орчныг ихээр бохирдуулж байгаа эрчим хүчний үйлдвэрүүдийг хааж, сэргээгдэх эрчим хүчийг давуутай ашиглах ёстой. Монголд нар салхи, усны арвин их нөөц бий. Үүнийгээ түлхүү ашиглах хэрэгтэй. Монгол Улсад нүүрсний асар их нөөц байгаа ч энэ нь байгаль орчинд төдийлөн таатай биш. Учир нь нүүрс шатахдаа агаарын бохирдлын ихэнх хувийг эзлээд байгаа нүүрсхүчлийн хийг ихээр ялгаруулдаг. Тиймээс утаа, хаягдал ихтэй нүүрсийг хэрэглэхийг таашаахгүй байгаа.

Энэ салбар дахь дэлхий нийтийн болон Монголын чиг хандлага ямар байдаг вэ?

Дэлхий нийт  2050 он гэхэд  эрчим хүчний хомсдолд  нэрвэгдэж мэдэхээр байна гэж үзэж буй. Гэвч хүн төрөлхтөн эрчим хүчний шинэ эх үүсвэрийн эрэлд хэдийнэ мордсон.  Эрдэмтэд одоогоос 5-6 жилийн өмнө эрчим хүчний асуудлыг их өөрөөр харж, цөмийн эрчим хүч бол дэлхийн ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр хэмээн тодорхойлдог байсан юм. Гэтэл Японд цунами болж, цөмийн станц дэлбэрч, аваар гарсан. Үүнээс хойш дэлхийн ирээдүйн эрчим хүчний хандлагыг цөмийн эрчим хүчнээс аажмаар хөндийрүүлэх болсон. Сэргээгдэх эрчим хүчээ түлхүү ашиглах хэрэгтэй гэсэн байр суурьтай болсон. Ингээд Герман улс гэхэд л цөмийн станцуудаа бүгдийг хааж, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлж эхэлсэн байх жишээтэй. Бид ч мөн адил дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхаж, байгаль орчинд хөнөөлтэй биш ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг эрхлэх хэрэгтэй.

Манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийн талаар дурдахгүй юу?

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр гэхээр нар, салхи, ус, биохий гээд далайн түрлэг гэх мэт  байгаа юм. Харин  манайд нар, салхи, ус. Монголын гол горхины усны ашиглаж болох хамгийн тохиромжтой нөөцийг 6000 мВт гээд тодорхойлчихсон. Тэгвэл  манай улсын ашиглах эрчим хүчний  нөөц нь нийт дүнгээр 1000 мВт. Зөвхөн усны эрчим хүчийг ашиглахад л хангалттай нөөцтэй гэсэн үг. Нар, салхины эрчим хүч нь усныхаас хэдэн арав дахин их нөөцтэй. Манай компанийн тухайд  бид  салхин станц бариулж байгаа учраас салхины эрчим хүчний нөөцийг АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторитой хамтран  тодорхойлж, судалгаа хийхэд Монгол Улс салхины эрчим хүчний нөөцөө ашиглаад жилд дөрвөн триллион кВт/цаг үйлдвэрлэх боломжтой  болохыг тогтоосон. Үүнээс хамгийн боломжтой хэлбэрээр нь салхин цахилгаан станц баривал 2.8 триллион кВт/цаг байгаа юм. Яагаад бид сэргээгдэх эрчим хүч гээд байна вэ гэхээр ямар нэг эрдэс баялгийг шатааж, хорт хий ялгаруулан байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага учраас барьж авсан хэрэг. Салхин  цахилгаан станц  бол нэг  литр ус хэрэглэхгүй, нэг  килограмм нүүрс шатаахгүйгээр цахилгаан үйлдвэрлэдгээрээ давуу талтай.

Нөөц боломж ихтэй ч төр засгийн бодлогод тусгагдсан талаар?

Манай улсын хувьд эрчим хүчнийхээ 95 орчим хувийг нүүрснээс гаргаж авч байна. 5 орчим хувийг л сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авч байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өртөг зардал ихээхэн шаардана. Гэхдээ энэхүү асуудлыг төр анхааралдаа авч ухаалгаар зохицуулж эхэлж байна. 2007 онд сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсан. Энэхүү хуулиар сэргээгдэх эрчим хүчний харилцааг зохицуулж өгсөн байгаа. Мөн УИХ-аар “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр” гэж баталсан. Энэхүү хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд Монгол Улсын нийт эрчим хүчний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авахаар болсон. Энэ бол төр засгаас сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж байгаа хамгийн том бичиг баримт юм.