2022-09-30 06:35:46

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай олон улсын хурлын ерөнхий илтгэгчээр ажиллалаа

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Бангкок хотнооүргэлжилж буй“Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын асуудлаарх сайд нарын бага хурал”-д Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс /АНДЭЗНК/-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанатай уулзлаа. Монгол Улс энэ удаагийн бага хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, идэвхтэй байр суурь илэрхийлж байгааг хатагтай Армида Алисжабана тэмдэглээд бага хурлын үеэр “Саадгүй, тогтвортой холболтыг хангах замаар бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” асуудлыг хэлэлцэхэд ерөнхий илтгэгчээр Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай оролцож буйд талархал илэрхийлэв.“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн тогтвортой эрчим хүчний талаарх долоодугаар зорилтыг хэрэгжүүлэхэд гишүүн улс орнуудад бодлогын зөвлөгөө өгч, эрчим хүчний хүртээмж, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зэрэг асуудлаар судалгаа хийж, сургалт зохион байгуулж ирсэнд дэд сайд М.Баярмагнай талархал илэрхийлсэн юм. Тус комиссын эрчим хүчний хэлтсээс “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн тогтвортой эрчим хүчний талаарх долоодугаар зорилтыг гишүүн улс орнууд хэрэгжүүлэх үүднээс “Үндэсний замын зураглал”төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсонд мөн талархал илэрхийлэв. Энэхүү төслийн үр дүнд эрчим хүчний салбарын хэтийн төлөв, эдийн засаг, нийгэм, санхүүгийн үр дагаварын хамт тооцоолж, хэрэгжүүлэх чиглэлд манай Засгийн газар илүү үндэслэлтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ гэж найдаж буйгаа Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай онцлон тэмдэглэлээ.