“Амгалан” дулааны станцын бүтээн байгуулалт, барилгын ажлын нээлт өнөөдөр болж шав тавилаа.
Энэхүү ажиллагаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн удирдагч М.Энхсайхан болон тус төслийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Б.Баттөмөр, төслийн ажлыг гүйцэтгэх Хятадын машин инженеринг корпорацийн ажилтнууд оролцлоо.
“Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцлөөр барьж байгуулах бөгөөд одоо газрыг 70 хувь чөлөөлснөөрбарилга байгууламжын бүтээн босголтынажлыг эхлүүлж байгаа нь энэ юм.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс газар чөлөөлүүлэх ажилд хамтран оролцож , Эрчим хүчний яамнаас томилсон Төсөл хэрэгжүүлэх нэгж газар дээр нь гүйцэтгэгч компанитай нягт улдаатай ажиллаж байна.
Барилгын ажлын нээлтийн үеэр Эрчим хүчний сайд М.Сономпил, газрыг чөлөөлөх ажилд хамтран оролцсон нийслэлийн удирдлагууд болон өмчлөн авсан газраа чөлөөлсөн иргэд, аж ахуйн нэгжийнхэнд талархсанаа илэрхийлээд “Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтыг богино хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөөд ажлаа эхэллээ. Ирэх оны өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтад оруулж нийслэлийн зүүн захын хэрэглэгчдийг халуун дулаанаар хангана. Станцыг байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үр ашигтай, техник технологи суурилуулахаар гэрээнд тусгасан. Тухайлбал, нам температурт буцламтгай шаталттай технологийн зуухыг суурилуулснаар агаарыг бохирдуулах исэл болон хүхрийн ялгаралт эрс буурна. Мөн ойр орчмын 86 уурын зуух энэ станц ашиглалтад орсноор татан буугдаж нийслэлийн агаарын бохирдол багасах юм” гэлээ.
Амгалан дулааны станц нь 348 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн дулааны дутагдлыг хангахаас гадна ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх дулааны хэрэглээг ч мөн хаах юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Гантөмөрийн онцолсноор нийт 50 орчим мянган айл өрх энэхүү станцаас дулаанаар хангаж эхэлнэ.
“Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр буюу гүйцэтгэгч компани нь урьдчилан гүйцэтгэж, Хөгжлийн банк болон улсын төсвийн хөрөнгөөр эргэн санхүүжих нөхцлөөр гүйцэтгэж байгаа билээ.