БНСУ-ын Тэгү хотод 2013 оны аравдугаар сард Дэлхийн эрчим хүчний Их хурал болж, эрчим хүчний хөгжлийн чиг хандлагын талаар дэлхийн улс орнуудын төлөөлөл ярилцаж, туршлагаасаа хуваалцсан юм. Энэ их хуралд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр ахлуулсан төлөөлөгчид оролцсон юм.
Дэлхийн Эрчим хүчний Хорооноос энэ хурлын үеэр эрчим хүчний салбарын 2035 он хүртэлх шинэ бодлого, хөгжлийн чиг хандлагыг танилцуулсан.
2035 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагдах нүүрсний хэрэглээ 0,7 тэрбум тонноор буурах, газрын тосны хэрэглээ 0,5 тэрбум тонноор буурах, байгалийн хийн хэрэглээ 1560 тэрбум м3 нэмэгдэх бөгөөд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэхээр байна.
|
|
|
|
|
|
|
Зураг. Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ /түлшний ангиллаар/ |
|
Байгалийн хий нь цэвэр, хямд түлш төдийгүй эрчим хүчний алдагдалгүй, үр ашигтайгаар эрчим хүчийг дамжуулагч болдог учраас тив, улс дамнуулан худалдах, худалдан авах ажиллагаа явагдсаар ирсэн. Ийм ч учраас эрчим хүч экспортлох, импортлох асуудлын хүрээнд байгалийн хий чухал байр суурийг эзэлдэг.
Дэлхийн 110 гаруй оронд байгалийн хийг ашиглаж байна. АНУ-ын эрчим хүч үйлдвэрлэлтийн 27,2 хувийг байгалийн хийгээр, харин ОХУ-д 50 орчим хувь, Европд 19,1 хувь тус тус эзэлдэг.
Монгол Улстай хил залгаа орнуудын хувьд эрчим хүчний бодлогуудад байгалийн хийн асуудал онцгойлон тусгагдсан байдаг.
ОХУ-ын “2030 он хүртэл Оросын эрчим хүчний бодлого” баримт бичигт тусгаснаар 2020 он гэхэд байгалийн хийгээр 44,8 ГВт эрчим хүч үйлдвэрлэх, дотоодын хийн хэрэглээг 375-430 тэрбум м3 , экспортыг 275-280 тэрбум м3 , байгалийн хийн олборлолтыг 650-670 тэрбум м3 хүргэх зорилтыг тавьсан байна.
Харин БНХАУ-ын хувьд “Үндэсний эрчим хүчний бодлого, стратеги” урт хугацааны бодлогын баримт бичигт 2020 он гэхэд байгалийн хийгээр 70 ГВт эрчим хүч үйлдвэрлэх, байгалийн хийн олборлолтыг 180тэрбум м3, импортыг 77 тэрбум м3 хүргэх зорилттой ажиллаж байна.
Байгалийн хийн хэрэглээ өсөхийн хирээр түүнийг олборлох, гарган авах төслүүдийг хэрэгжүүлэх нь газрын тос, нүүрс, занарын ашигт малтмалын ордтой улс орнуудын хувьд ашигтай бизнес болж байна. Монгол Улсын хувьд байгалийн хийг гарган авах хэд хэдэн боломж байдаг. Нүүрсний давхаргын метан, занарын хийг олборлох, эсвэл хүрэн нүүрсийг боловсруулан нийлэг байгалийн хий гарган авах явдал юм. Байгалийн ийм нөөц баялгыг ашигласнаар манай улс цэвэр эрчим хүчээр бүрэн хангагдаж, агаарын бохирдлоо арилгаж чадахаас гадна байгалийн хийг экспортлох замаар дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцогч орон болох ирээдүйтэй.
Д.Алтанчимэг

