2015-01-28 11:31:44

ЭРЧИМ ХҮЧНИЙХЭН САЛБАРЫН ТАЙЛАН ГАРГАХААР НЭГДЛЭЭ

Эрчим хүчнээс нэг ч хормын хамааралгүйгээр үргэлжилж үл чадах бидний амьдралын хэвшил. Мэдээллийн, технологийн, хөгжлийн гэж тодотгож байгаа өнөөдрийн бидний амьдрал үнэндээ эрчим хүч хэмээх хүчирхэг бөгөөд адармаатай, эс ширхэг бүр нь нарийн зохицуулагдсан бүхэл бүтэн систем дээр оршин тогтнож байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх буй за.

Цахилгаан тасарвал яах вэ гэсэн тэр болгон бид өөр хоорондоо тавиад байдаггүй асуултыг өөрсөддөө тавьж үзвэл амьдрал дээр ямар олон асуудал үүсгэж болохыг төсөөлөхөд тийм ч бэрх биш. Бүр цахилгаан, эрчим хүчгүйгээр амьдралын агшин хором бүхнийг төсөөлөхөд бэрх болсон байх вий. Гэхдээ цахилгаан гэж бидний энгийнээр нэрлэх болсон эрчим хүчний бүхэл бүтэн системийг нэг ч хором, агшны тасалдуулалгүйгээр ажиллуулдаг салбарынхны хувьд хором агшин бүр ямар үнэтэй, басхүү өнөөдрийн бидний хэрэглээг хангахын тулд ямар нөр их хөдөлмөр шаарддаг болохыг бидний олонх нь сайн мэддэггүй байж болох юм.

Харин эрчим хүчнийхэн гэж нэрлэдэг салбарынхан бол бие биеэ сайн мэддэг, ажил нь ч нарийн уялдаа холбоотой, тэр тусмаа зөвхөн мэргэжлийнхэн нь л энд ажилладаг, аль ч шатанд мэргэжлийн нарийн шалгуур тавигддаг онцлог салбарынхан.

Басхүү тэдэнд шийдүүштэй асуудлууд зөндөө бий гэж салбарынхан ярьж байна. Өвөрмөц онцлогтой, хөгжлийн тулгуур болсон, стратегийнхан гол салбарынхны хувьд нэгдүгээр сарын 8-нд онцлог нэгэн уулзалт боллоо. Учир нь “Баялаг мэдээ” хэвлэлийн газраас Монголд анх удаа монголчууд өөрсдөө бие даан гадаад, дотоодын судалгааны байгууллагуудтай хамтран эрчим хүчний салбарын тусгай тайлан гаргах болсноо албан ёсоор зарлан салбарынхны уулзалт зохион байгуулсан юм. “Монголын салбарын тайлан-Эрчим хүч 2015” тайлангийн нээлтийн ёслолд Эрчим хүчний яам, Төрийн өмчийн хороо, Төрийн өмчит үйлдвэрийн газар, хувийн компаниуд, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид, салбарын нэр хүнд бүхий эрхмүүд оролцон санал бодлоо солилцлоо. 

Цаг, мөчөөр хөгжин, даяаршлагдаж байгаа дэлхийн том зах зээлд бид ямар тоглогч байх вэ, үсрэнгүй хөгжиж байгаа техник, технологийн дэвшилийг Монголдоо хэрхэн яаж нутагшуулах вэ гэхчилэн урагш тэмүүлэх хөгжлийн гарц, шийдэл гэх мэт бидний өмнө тулгамдаж буй асуудлууд олон бий гэж салбарынхан ярьж байна. Тэр тусмаа хөгжлийн шийдэл яригдаж буй энэ цаг мөчид салбарын нэгдсэн тайланг ийнхүү гаргах нь цаг үеэ олсон, зайлшгүй шаардлагатай ажил юм гэдэгт санал нэгдэж байлаа.  Тухайлбал, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт энэхүү тайланг бодлогын яамны зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын Их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригтын амжилт хүссэн мэндчилгээг дамжууллаа.  Бодлогын яамны хувьд сайд Д.Зоригт тус тайлангийн өмнөтгөл үгийг бичихээр болж байгаа юм. Стратегийн онцгой ач холбогдол бүхий салбарын хувьд өнөөдөр эрчим хүчний салбар төрийн зохицуулалттай, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд давамгайлдаг. Тийм ч учраас төрийн өмчит үйлдвэрийн газруудын өнөөгийн байдлын талаар мэдээ, мэдээллийг ханган ажиллахаа Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар мөн албан ёсоор илэрхийлсэн юм. Мөн салбарын агентлагууд тайланг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тайлангийн нээлтийн ёслолд Монголын эрчим хүчний ассоциацийн тэргүүн Ц.Сүхбаатар, сайд асан С.Батхуяг, “М Жи Эл интернэйшнл” ХХК-ийн захирал Л.Энхтөр, нийтлэлч Д.Жаргалсайхан, 2014 оны Монголын шилдэг сэтгүүл “Форбес Монголиа”-гийн гүйцэтгэх захирал Ц.Энхжаргал нар баяр хүргэн үг хэлэв.

Өнөөдөр Монголд эрчим хүч үйлдвэрлэн дэлхийн асар том хэрэглэгч болсон БНХАУ-д экспортлох тухай яригдаж, анхны алхмууд хийгдэж байна. Хувийн хэвшлийнхэн түүчээлэн Монголд анх удаа том хэмжээний Салхин цахилгаан станцыг бүтээн байгууллаа.  Тавантолгойн Цахилгаан станцын мега төсөл, ТЭЦ-5-ийн бүтээн байгуулалт, Усан цахилгаан станцууд цаашилбал нарны эх үүсвэрийг ашиглах, цөмийн энергийн зохицуулалт гэх мэтчилэн олон нийтэд хүлээлт үүсгэж байгаа олон асуудлууд бий. Энэ бүх асуудлуудыг “Монголын салбарын тайлан-Эрчим хүч 2015” хөндөн тавих юм. Тиймээс салбарын бүхий л мэдээлэл болоод тулгамдаж буй асуудлыг хөндөн тавьсан онцгой ач холбогдолтой тайлан болох ёстой гэж нээлтийн ёслолд оролцогсод санал нэгдэн, амжилт хүслээ.

Салбарын бүхий л мэдээллийг нэгтгэсэн энэхүү тайланд ийн хамтран ажиллахаа төрийн болон төрийн бус байгууллагууд, салбарын компани аж ахуйн нэгжүүд ийн дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэн нь нээлтийн ёслолын гол онцлог ач холбогдол боллоо. Дээр дурдсанчлан эрчим хүчний талаар олон нийтэд ойлголт, мэдээлэл хангалттай бус байдаг гэсэн шүүмжлэл бас байдаг. Тийм ч учраас тайланг олон нийтэд хүртээмжтэй байдлаар хэвлэн, орон даяар түгээн танилцуулахаар бас төлөвлөөд байгаа юм байна. “Монголын салбарын тайлан-Эрчим хүч 2015” тайлангийн 300 нүүр бүхий монгол хэл дээрх хэвлэмэл бүтээлийг 2015 оны гуравдугаар сарын 10-нд хэвлэн гаргаж, орон даяар түгээх аж.  

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбаруудын мэдээлэл, тэр тусмаа Монголын эрчим хүчний салбарын талаарх мэдээлэл олон улсын хэмжээнд анхаарал татсаар байгаа. Тэгвэл салбарын мэдээллийг олон улсад сурталчлах зорилгын хүрээнд “Монголын салбарын тайлан-Эрчим хүч 2015” хэвлэлийг олон улсад түгээн танилцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд англи хэл дээрх мөн 300 нүүр бүхий хэвлэмэл тайланг 2015 оны дөрөвдүгээр сарын 25-нд хэвлэн Монгол төдийгүй Бээжин, Москва, Хонконг, Сингапур, Сидней, Лондон, Нью-Йоркийн бизнесийн хүрээлэлд танилцуулах аж.

Даяарчлагдсан дэлхий ертөнцийн мэдээллийн бас нэгэн томоохон ертөнц болсон дижитал ертөнцөд Монгол Улсын эрчим хүчний салбарын тайланг 2015 оны тавдугаар сарын 1-нээс тусгайлсан бүтээгдэхүүн болгон танилцуулах төслийн ажлыг мөн “Баялаг мэдээ” хэвлэлийн газар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Ийн Монголын эрчим хүчний салбарын тайлангийн цогц бүтээлийн төслийг хэрэгжүүлэн ажилласнаар цаашид жил бүр хэвлэмэл тайлан, улирал бүр салбарын мэдээлэл, сар бүр онцлог мэдээллийг хүргэх их ажлыг эхлүүлж байгаад салбарынхан баяр хүргэлээ.

“Монголын салбарын тайлан-Эрчим хүч 2015” тайлангийн нээлтийн ёслолын үеэр “Эрчим хүч 2015” хариуцсан гүйцэтгэх захирал М.Бүрэнтөгс тайлангийн хүрээнд хийгдэх бас нэгэн томоохон төслийг танилцуулсан юм. Энэ бол Монголд анх удаа эрчим хүчний салбарын нөлөө бүхий эрхмүүдийг шалгаруулах “Who is Who” шалгаруулалт. Дээр дурдсанчлан эрчим хүчний салбар гагнуурчин, цахилгаанчин гээд нарийн мэргэжлийн ажилтнаас эхлээд инженер, техникч, эрдэмтэн судлаач, төр нийгмийн зүтгэлтэн, бизнесийн хөрөнгө оруулагч гээд олон оролцогчийн хамтын ажиллагаанаас бүрддэгээрээ онцлог.

Тийм учраас:

-Төр нийгмийн зүтгэлтэн -Public  figure/states man

-Төрийн ажилтан- State worker

-Боловсролын байгууллага- Education – organization

-Сурган хүмүүжүүлэгч, багш- Education – educator

-Судлаач- Researcher

-Хөрөнгө оруулагч- Investor

-Эрчим хүчний компани- Energy company

-Шилдэг төсөл, иноваци- Innovation - New project

-Удирдагч- CEO

-Менежер- COO/Landman

-Мэргэжлийн ажилчин-Professional worker

-Архитектор- Architecture

-Инженер, инженерийн шийдэл-Engineering

-Санхүүч, санхүүгийн байгууллага-Finance

-Хуульч, хуулийн байгууллага- Law

-Ханган нийлүүлэгч- Supplier

-Зөвлөх, зөвлөх үйлчилгээ- Consulting

-Иргэний нийгмийн төлөөлөл- Public awareness гэсэн номинациудаар судалгааны байгууллагуудтай хамтран олон улсын жишгийн дагуу шалгаруулалт явуулах гэж байгаа аж.

Дашрамд дурдахад “Баялаг мэдээ сэтгүүл” хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмнө нь дэлхийд алдартай “The Economist” группын онцгой эрхтэйгээр “Дэлхий 2012”, “2013” тайлан, таамаглалын тусгай дугаарыг эрхлэн гаргаж байсан. “The World In” тусгай дугаар дэлхийн 35 хэлнээ хэвлэгдэн гардаг бөгөөд Сингапур, Хонконгод болсон ”The Economist”-ийн “Gala Dinner-2014” ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон, үг хэлж байсан юм.

“Баялаг мэдээ” хэвлэлийн газар энэхүү тусгай тайлангаа өргөжүүлэх ажлын хүрээнд ийнхүү салбарын тайланг эрхлэн гаргаж буй. Цаашид уул уурхай, дэд бүтэц, боловсрол, барилга, хөрөнгө оруулалт гэх мэт салбаруудын тайланг эрхлэн гаргах юм байна.