2015-01-29 16:57:11

“МАК ЭНЕРЖИ” ХХК ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛНА

 “МАК Энержи” ХХК , БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын компани"  2х135 МВт цахилгаан станц байгуулах гэрээнд энэ сарын 27-нд Бээжин хотноо БНХАУ дахь  Монгол улсын элчин сайдын яаманд гарын үсэг зурав.

Өмнөговь аймгийн  Нарийнсухайтын нүүрсний уурхайг түшиглэн байгуулах энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор  орон нутгийг эрчим хүчээр найдвартай хангах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өртөг бууруулах, нүүрсний экспорт нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна. Түүнчлэн Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах нэмэлт эх үүсвэр болох юм. 
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд  бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар, Худалдаа эдийн засгийн зөвлөх Б.Хүрэнбаатар “Монголын алт” компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын инженеринг компани”-ийн ТУЗ-ийн дарга, ерөнхийлөгч Гуо Уи нар оролцлоо. 
Энэхүү төслийг хэрэгжүүлэх тухай санамж бичгийг 2014 оны 8 дугаар сарын 21-нд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан ба  ийнхүү аж ахуйн нэгжүүд төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа.

Бээжин Д.Энхчимэг