2012-12-03 10:24:54

Салхин паркийн эхний ээлжийг ашиглалтад оруулахад уялдаатай ажиллахыг даалгалаа

Эрчим хүчний сайд М.Сономпил Төв аймгийн нутагт баригдаж буй Салхит салхин паркийн барилга угсралтын талбайд төслийн ажлын явцтай 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр танилцлаа.

Салхит салхин цахилгаан станц нь нийт 50 Мв эрчим хүч үйлдвэрлэх 31 салхин үүсгүүрээс бүрдэх бөгөөд одоогийн байдлаар 9 салхин сэнсийг амжилттай босгоод байна. Ньюком группын Клин Энержи компани нь энэ оны 12 дугаар сарын дундуур Салхит станцаас төвийн эрчим хүчний сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхлэхийг зорин ажиллаж байгаа юм. Уг станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор төвийн бүсийн хэрэглээний 5 хувийг хангахад хүрэлцэхүйц цахилгаан үйлдвэрлэнэ. Төслийн бүтээн байгуулалтын ажилд 500 орчим хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд байгаа гэдгийг тус компанийнхан танилцуулж байлаа.

М.Сономпил сайд, Барилга угсралтын ажлын явцыг эрс хүйтрэхээс өмнө дуусгах шаардлагатайг хэлж салбарын байгууллагууд болох “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, Диспетчерийн үндэсний төвийн удирдлагуудыг энэ төслийн хүрээнд уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов.

Эрчим хүчний сайдыг дагалдаж Эрчим хүчний сайдын зөвлөх Д.Баярхүү, Төрийн нарийн бичгийн дарга Д. Дэлгэрцогт, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний гүйцэтгэх захирал Ц. Равдандорж, Үндэсний диспетчерийн төвийн гүйцэтгэх захирал С. Түвшинтөгс, болон бусад удирдах албан тушаалтнууд Салхитад ажиллалаа.