Монгол Улсын Их Хурлын 2015 оны зургадугаар сарын 19-ны хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийг батлан гаргасан билээ.
Тус баримт бичгийн эхний хэсэгт Монгол Улсын анхдагч эрчим хүчний нөөц боломж, эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдлыг танилцуулж, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон.
Аль ч улсэрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогоо тодорхойлохдоо Аюулгүй байдал, Үр ашиг, Байгальорчны тогтвортой байдал, Эрчим хүчний хүртээмжтэй байдал, Үнийнтарифынболомжит байдал гэсэн эрчим хүчний бодлогын үндсэн чиглэлүүдийг анхаарч үзсэнбайдаг ба тухайн орны нийгэм эдийн засгийн хөгжлөөс хамааран бодлогын баримт бичгийн тэргүүлэхчиглэлүүдээ сонгон тодорхойлсон байдаг.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хүрсэн төвшин, тулгамдаж байгаа асуудал, дэлхийн хөгжлийн чиг хандлагад үндэслэн Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдал, Үр ашиг, бүтээмж, Байгаль орчны тогтвортой байдал, ногоон хөгжил гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд тодорхойлсон.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын алсын хараа нь улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, хувийн хэвшил, өрсөлдөөнт зах зээлд суурилсан үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий, цахилгаан эрчим хүч экспортлогч орон болоход чиглэж байна.
Бодлогын баримт бичигт дээрх тэргүүлэх чиглэлийн хүрээнд дараах стратегийн 6 зорилгыг дэвшүүлсэн. Үүнд:
Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах хүрээнд:
· Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах;
· Бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
· Эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах.
Эрчим хүчний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх хүрээнд:
· Эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх;
· Эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх.
Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, ногоон хөгжлийг дэмжих хүрээнд:
· Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах.
Эдгээр стратегийн зорилго нь зорилт болж задрах ба зорилтоор дэвшүүлсэн бодлого нь дунд хугацааны эрчим хүчний үндэсний хөтөлбөрөөр дамжин хэрэгждэг байхаар төлөвлөж байна.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын зорилго, зорилтыг үндсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр үе шатыг /2015-2023 он/ Түлш, эх үүсвэрийн чадлын нөөцийг бүрдүүлж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурийг бий болгох, эрчим хүчний нормативын баримт бичгийн тогтолцоог төгөлдөржүүлж, евро стандартыг нутагшуулах, эрх зүйн орчныг сайжруулах үе, хоёрдугаар үе шатыг Эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэх үе байхаар төлөвлөсөн.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрэх үр дүн, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлохдоо 2013 оныг суурь он болгосон бөгөөд хүрэх үр дүнг стратегийн зорилго, үе шатаар ангилан тодорхойлсон болно.
Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх суурь дэд бүтцийг бүрдүүлдэг, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай стратегийн салбарын хувьд хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг төрөөс тэргүүн ээлжид анхаарч авч үзэх шаардлагатай юм.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах, улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, олон улсын санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа, зээлийн бодлогод тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.