2015-06-19 15:05:16

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ” БАТЛАГДЛАА

Монгол Улсын Их Хурлын 2015 оны зургадугаар сарын 19-ны хуралдаанаар “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” -ийг батлан гаргалаа.

Монгол Улсын Их Хурал 2001 онд Эрчим хүчний тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулиар эрчим хүчний салбарын бүтэц, эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, шударга өрсөлдөөн бий болгох, эрчим хүчний зохицуулалтын бие даасан, хараат бус байдлыг хангах, эрчим хүчний хангагч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааг зохицуулсан байдаг.

Цаашид эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар ажиллуулахад одоогийн бүтэц, институц хоорондын ажлын уялдаа, хамаарал зохицохгүй, үүнээс шалтгаалан салбарын нэгдсэн бодлого, зах зээлийн дараагийн загварт шилжих, арилжааны операторын үйл ажиллагааг үндсэн зарчмаар нь ажиллуулахад хүндрэлтэй асуудлууд тулгарч байна.

Түүнчлэн эрчим хүчний эх үүсвэрийн томоохон төслүүдийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газраас баталгаа гаргах, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулах эрх бүхий этгээдийг тодорхойлох, гэрээний загвар батлах, үнэ тарифыг гэрээний үнээр зохицуулах зэрэг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллага хооронд үүсч байгаа харилцааг цоо шинээр зохицуулах зайлшгүй шаардлагатай байна.

Гадаад зах зээлээс хөрөнгө босгох горьдлого тээсэн эрчим хүчний эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо илтэд нэмэгдэж байгаа боловч манай эрх зүйн орчин тус салбарт зээл олгогчдыг эргэлзүүлэх тодорхойгүй байдал үүсгэж, улмаар сөрөг хандлагыг бий болгоод байгаа нь эрчим хүчний эх үүсвэр барихтай холбоотой тусгай зөвшөөрлийг салбарын нэгдсэн бодлогоор зангидах хэрэгтэй болсныг харуулж байна.

Сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орж байгаа барилга байгууламжийн дэд бүтцийн шугам сүлжээг төрөөс хөрөнгө оруулалт хийн барьж байгуулж чадахгүй байгаагаас хэрэглэгчдийн хувийн өмчлөлийн шугам, дэд станц ихээр баригдаж, түүнд бусад хэрэглэгчийг холбохтой холбогдсон харилцааг хууль тогтоомжоор зохицуулаагүйн  улмаас хэрэглэгчид эрчим хүчинд холбогдох боломж хязгаарлагдаж, түрүүлж шугам сүлжээ, дэд станц барьсан хэрэглэгчид өндөр төлбөр, түрээс төлөх байдал түгээмэл бий болж байна.

Мөн Улаанбаатар хот, томоохон суурин газруудын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх үед эрчим хүчний шугам, тоноглолыг санаатай болон санамсаргүй гэмтээх үзэгдэл ихсэх, байнга давтагдах хандлага гарч байгаа нь эрчим хүчний тухай хуулийн хариуцлага хүлээлгэх торгуулийн хэм хэмжээ, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатайг илтгэж байна.

Монгол Улс нүүрсний давхаргын метан, занарын хийн нөөцтэйг урьдчилсан байдлаар тодорхойлоод байгаа ба хүрэн нүүрсийг боловсруулж нийлэг байгалийн хий гаргах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Иймээс байгалийн хийн нөөц баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах гол хэрэглэгч нь эрчим хүчний салбар байх ба түүнийг хадгалах, дамжуулах, тээвэрлэх, түгээх үйл ажиллагаа нь эрчим хүчний хангамжийн нэг бүрэлдэхүүн нь болгох, эдгээр харилцааг зохицуулсан эрх зүйн харилцаа чухал байна. Газрын тосны тухай хуульд “байгалийн хий”, “нүүрсний давхаргын метан” гэсэн нэр томьёог геологийн агуулгаар нь тайлбарлаж, эрэл, хайгуул, олборлолттой холбогдсон харилцааг зохицуулсан байх тул Эрчим хүчний тухай хуульд хангамж, хэрэглээний утгаар томьёолж “хий”, “хийн хангамж” гэсэн нэр томьёог тайлбарлаж оруулах шаардлагатай боллоо.

Дээр дурдсан үндсэн шалтгаанууд нь Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шалтгаан нөхцөл болсон юм.

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 7 зүйлтэй , 1 дүгээр зүйлд хуульд нэмэлтээр орж байгаа хэсэг, заалт, 2 дугаар зүйлд хуульд оруулах үг, өгүүлбэрийн нэмэлт, 3 дугаар зүйлд хуулийн өөрчлөн найруулах хэсэг, заалт, 4 дүгээр зүйлд хуулийн зүйл, хэсэг, заалтад орох үг, өгүүлбэрийн өөрчлөлт, 5 дугаар зүйлд хуулийн зүйл, хэсэг, заалтаас хасах үг, өгүүлбэр, 6 дугаар зүйлд хүчингүй болгох зүйл, хэсэг, заалт,  7 дугаар зүйлд хуулийн хүчин төгөлдөр болох хугацаатай холбогдсон заалтыг тус тус тусгажээ.

Байгалийн хий /метан/-г нүүрс, занар, газрын тосны ордуудыг түшиглэн олборлох, хүрэн нүүрс, органик хог хаягдлыг боловсруулан зохиомлоор гарган авсны дараа эрчим хүчинд ашиглах, хангамж, дамжуулалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа нь нэгдмэл тогтолцоотой, инженерийн нэгдсэн цогцолбор болж ажиллах шаардлагатай. Иймээс НҮБ-аас баталсан бизнесийн үйл ажиллагааны ангилал, стандартын дагуу “хий”, “хийн хангамжийн сүлжээ” гэсэн ойлголтыг шинээр тусгаж, “эрчим хүч” гэсэн ойлголтод “хий”-г хамааруулахаар хуулинд тусгажээ. Үүнтэй холбоотойгоор төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, тусгай зөвшөөрөл, үнэ тарифын зохицуулалтын талаар заалт нэмж оруулжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны чиг үүрэгт үнэ тариф тогтоох, үйлчилгээний хөлсөөр санхүүжих гэсэн найруулгыг оруулан, Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт заалт оруулснаар төрийн институц хоорондын хараат байдлыг үгүйсгэх эрх зүйн боломж бүрдэнэ. Мөн бүрэн эрхийн хүрээнд эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний загвар батлах, гэрээ бүртгэх, хөлс тооцох аргачлал батлах, өөрийн үйл ажиллагааны төсвийн гүйцэтгэлийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнахаар өөрчлөн найруулсан байна.

Диспетчерийн үндэсний төв нь эрчим хүчний арилжааны оператор, цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч байхаар нэмэлт зохицуулалт хийх, тухайн жилийн төсөв, тайлангаа эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулах, бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчтэй эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулах зэрэг заалтыг нэмж тусгажээ.

Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгодог болгохтой холбоотой хэсэг, заалтуудыг өөрчлөн найруулжээ. Мөн цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шугам, дэд станц нь төрийн мэдэлд байх, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь горим тооцоо, реле хамгаалалт, шуурхай удирдлага, холбоо мэдээллийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэгч байх зэргээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Эрчим хүчний хангагч, хэрэглэгчийн харилцаанд эрх үүргийн харилцааг нарийвчлан тусгах, хувийн өмчлөлийн шугам, дэд станцад шинээр хэрэглэгч холбох, нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд эрчим хүчний шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх зэрэг заалтуудыг тусгажээ.

Хяналт, хариуцлагыг дээшлүүлэх үүднээс торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр илэрхийлэн, зөрчлийн төрлөөс хамааруулан 3-20 дахин нэмэгдүүлэн торгохоор өөрчлөн найруулсан байна.

“Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдсанаар эрчим хүчний салбарын институц хоорондын харилцан уялдаа, хараат бус байдал сайжирч зах зээлийн зарчмаар ажиллахад түлхэц өгч эрчим хүчний салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрсдэл буурах эрх зүйн таатай орчин үүснэ гэж хууль тогтоочид үзэж байна.Түүнчлэн эрчим хүчний бодлогын төлөвлөлтийг оновчтой болгох, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг улс орны хөгжилд шаардлагатай, бодитоор хэрэгжих төслүүдэд олгох боломж бүрдэнэ.

Манай улсад байгалийн хийг эрчим хүчинд ашиглах, хэрэглэх эрх зүйн орчин бүрдсэнээр эрчим хүчний үйлдвэрлэлийн горимын зохицуулалт сайжирч, салбарын санхүү, эдийн засгийн алдагдал буурах, хотын агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой юм.