Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо!
Эрчим хүчний салбарын ажилтан албан хаагчид инженер техникийн ажилтнууд, ахмад буурлууд аа!
Эрчим хүчний салбар нь улс орны эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа, нийт 11000 гаруй хүн ажил амьдралаа энэ салбартай холбон хөдөлмөрлөж байна. Эдийн засгийн шилжилт, хямралын амаргүй үед эрчим хүчний салбар ачааны хүндийг үүрч, улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.
Үүнд та бүгдийн оруулсан хувь нэмэр, гавъяа зүтгэл их билээ. Тавьсан зорилго, эрхэлсэн ажлаа бүтээлч хөдөлмөрийнхөө дүнд нэр төртэй биелүүлж байгаа Эрчим хүчний яам, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын нийт хамт олонд Шинэчлэлийн Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Улс орон маань их бүтээн байгуулалтын гараан дээр ирээд байгаа энэ цаг үед Шинэчлэлийн Засгийн газраас Эрчим хүчний яамыг дангаар нь байгуулсан билээ. Учир нь бидний зорьж буй бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд, Монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхэд эрчим хүчний салбарын та бүхний хамтын ажиллагаанаас шалтгаалах цаг ирээд байна.
Өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн хөгжлийг хангахад эрчим хүчний шинэ бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага бидний өмнө тулгарч буй. Засгийн газар байгуулагдаад 100 хонож байхад салбарын зүгээс яаралтай шийдвэрлэх хэд хэдэн төслийг хэрэгжүүлээд байгаад Ерөнхий сайдын хувьд талархан хандаж байна. Цаашид нийслэлд баригдах цахилгаан дулааны шинэ эх үүсвэр, говийн бүс нутгийн эрчим хүчний хангамжийг шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг томоохон ажлууд та бүхний өмнө шийдлээ хүлээн байгааг анхааруулж байна. Чиг үүрэг нь тодорхой, үйл ажиллагаа нь шуурхай бодлогыг хэрэгжүүлэхийн тулд салбарыг бүхэлд нь зах зээлийн зарчимд шилжүүлэх, алдагдалгүй байх, бүр цаашлаад ашигтай ажиллуулах нөхцлийг та бүхэн яаралтай бүрдүүлэх ёстой.
Эрчим хүчний салбарын хүндэт төлөөлөгчид өө!
Эртний түүхт сайхан орныхоо шинэ зууны бүтээн байгуулалт, ирээдүйн Монголын хөгжил, цэцэглэлтийн үндсийг тавих хөгжлийн гараан дээр манлайлагч-санаачлагч-бүтээгч байж, эрүүл энх, урт удаан сайхан амьдрахыг эрчим хүчний гал голомтын үүдийг сахигч та бүхэндээ хүсэн ерөөе.