2012-12-12 12:48:22

Эрчим хүчний салбар байгаль орчинд ээлтэй болно

“Полихлорт бифенилээр бохирдсон эрчим хүчний тоног төхөөрөмж, хаягдал тос цэвэрлэх цехийн нээлт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харъяа “Туул” дэд станцад боллоо. Төслийн нээлтийн ажиллагаанд Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эрчим хүчний сайд М.Сономпил, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын төлөөлөгч нар оролцов.

Полихлорт бифенил агуулсан тос, тоног төхөөрөмжийг цэвэрлэх цехийг “Цахилгаан түгээх үндэсний сүлжээ” компанийн трансформаторын засварын цехийг түшиглэн байгуулж байгаа бөгөөд энэ цехийг байгаль орчин, хөдөлмөр хамгааллын талаар олон улсын түвшинд тавигддаг шаардлагад нийцүүлэн засварлаж, тоноглох ажлыг Монгол улсын Засгийн газрын хөрөнгөөр хийж гүйцэтгэн, Эрчим хүчний яам болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанид хүлээлгэн өгч байгаа нь энэ юм.

Эрчим хүчний сайд М.Сономпил цехийн нээлтэд үг хэлэхдээ, “Улсын хэмжээнд энэ бодисыг агуулсан тоног төхөөрөмжийн 90 гаруй хувь нь эрчим хүчний салбарт хамаарч байгаа бөгөөд байгаль орчныг бохирдуулахгүй технологиор цэвэрлэхэд манай салбарын үүрэг чухлаас гадна ихээхэн хариуцлага ногдож байна” гэлээ.

Энэхүү цех ашиглалтанд орсноор манайд ашиглагдаж байгаа ПХБ агуулсан тоног төхөөрөмж, хаягдлыг 2020 он хүртэл шат дараатай цэвэрлэж дуусгахаар төлөвлөөд байна.

Уг ажлын хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагатай хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхийг бий болгох” төслийг хэрэгжүүлж байна.