Эрчим хүчний яамны харьяа “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн захирал Я.Пүрэвжав болон ХБНГУ-ын “MUP INTERNATIONAL GMBH & CO.KG” компанийн захирал Konstantin Strasser нар энэ сарын 04-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд ЭХ-ний дэд сайд Д.Доржпүрэв, Хуулийн хэлтсийн дарга Б.Баяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Мөнхбаяр, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Батбаяр, Стратеги бодлого төлөвлөлтйин хэлтсийн мэргэжилтэн М.Түмэнжаргал нар болон ХБНГУ-аас ирсэн төлөөлөгчид оролцлоо. Тус компани нь ХБНГУ-д төдийгүй Европын хэд хэдэн орнуудад бага чадлын нарны цахилгаан станц байгуулж байсан арвин туршлагатай компани юм. Манай улсад 2006 оноос хойш нар салхины нөөцийн туршилт судалгаа хийж байгаа бөгөөд энэ удаа өөрийн хөрөнгөөр 100 МВт хүртэлх хүчин чадалтай нарны цахилгаан станц барих төлөвлөгөөтэй байгаа юм. Ингээд хоёр талын хэлэлцээрээр эхний ээлжинд Дөргөн, Тайшир, Даланзадгад-д тус бүр 30 МВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барихаар санамж бичигт тусгаад байгаа юм.