2016-08-12 10:29:30

САЙД САЛБАРЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын санхүү эдийн засгийн нөхцөл байдалтай танилцахаарЭрчим хүчний зохицуулах хороонд ажиллаа. Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Х.Эрдэнэчулуун тусгай зөвшөөрөл, үнэ тарифын зохицуулалтын үр дүн, салбарын санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулаад цаашид эрчим хүчний яамтай хамтран дунд, урт хугацааны эрчим хүчний хангамж, хэрэглээний таацад үндэслэн шинэ эх үүсвэрүүдийн төлөвлөлтийг хийх, Эрчим хүчний зах зээлийн загварыг сайжруулж, боловсронгуй болгох, Эрчим хүчний салбарын дансны нэгдсэн жагсаалтыг шинэчлэх, Шинэ эх үүсвэрийн тарифт үзүүлэх нөлөөллийг уян хатан зохицуулах менежмент, хөтөлбөр гаргах зэрэг ажлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг уламжлав. 

Уулзалтын үеэр эрчим хүчний сайд П.Ганхүү үнэ тарифын зохицуулалтын тал дээр ойрын хугацаанд авах арга хэмжээ байгаа эсэх талаар тодруулсан юм. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр хэлэхдээ ”Бид салбарын санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг тогтвортой байлгахаас гадна хэрэглэгчдийн нуруун дээрх ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж үнэ тарифын зохицуулалтуудыг хийсээр ирсэн. Одоогоор чадлын тарифыг тодорхой хэмжээнд бууруулах судалгаа хийж байна. Эрчим хүчний салбар жил бүр 60-70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг байсан бол үнэ тарифын зохицуулалт болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын хүчин чадал нэмэгдсэний үр дүнд 2016 оны эхний хагас жилийн байдлаар Төв болон Дорнод бүсийн хэмжээнд алдагдалгүй ажиллах боломж бүрдээд байгаа юм.” гэлээ.

Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын чадамжийг нэмэгдүүлэх оновчтой бодлого, чиглэлийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороотой нягт уялдаатай хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. 

Эрчим хүчний сайд П.Ганхүүг  Эрчим хүчний зохицуулах хороонд ажиллахад ЭХЯ-ны Төрийн захиргааныудирдлагын газрын дарга М.Баярмагнай байлцав.