Эрчим хүчний сайд П.Ганхүү, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар Дархан-Уул аймаг дахь салбарын өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх ажлуудтай танилцлаа.

“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн өвлийн бэлтгэл ажил хангагдаж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өвлийн горимд шилжсэнийг компанийн удирдлагууд танилцууллаа. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 20 гаруй сумын нийт 47000 гаруй хэрэглэгчтэй тус компани таван мянган томоохон үйлдвэр, ААН-ийг эрчим хүчээр хангаж байна.
Компанийн инженерүүд өөрсдөө санаачилж ухаалаг тоолуурын шинэ санаа гаргасан нь дөрвөн жилийн өмнөөс амьдрал дээр хэрэгжиж эхэлжээ. Ухаалаг тоолуураа БНХАУ-д угсруулан патентжуулж, 2012 оноос орон сууцанд нэвтрүүлсэн нь Монгол Улсын хэмжээнд анх удаа өдөр, шөнийн тариф тооцдог дэвшилтэт технологи болсныг энэ үеэр онцолсон. Мөн “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь өөрсдийн хөрөнгөөр хоёр дэд станц шинээр барьж, нэг дэд станцыг өргөтгөж зассан байна. Ажлын хэсэг хамгийн сүүлийн үеийн Германы тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 35 кВ-ын “Ханжаргалантын дэд станц”-тай танилцсан юм.
Эрчим хүчний сайд П.Ганхүү“ Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани техникийн шинэчлэлд багагүй хөрөнгө зарж байна. Мөн алдагдал бууруулах чиглэлд бодитой ажил хийсэн зэргээс харахад түгээх сүлжээнүүдийг хувьчилснаар үр ашигтай ажиллах боломжтой гэдгийг харуулж байна” гэв.

Хотын дулааны 50 хувийг ачаалдаг шинэ хуучин Дарханыг холбосон 600 мм-ийн2.7 км магистраль шугамыг шинэчлэх зайлшгүй шаардлага бийг онцоллоо. 1993 онд шинэчилж, өргөтгөсөн энэ шугам гурван жилийн өмнөөс аваарийн горимд ажиллаж байгаа аж. Сүүлийн гурван жилийн дотор л гэхэд 13 удаа гэмтэл гарч, цооролт үүсчээ. Энэ жилийн хувьд харьцангуй хүйтрэх төлөвтэй байгаа учраас сэтгэл зовоосон энэ асуудалд салбарын удирдлагуудыг онцгой анхаарал хандуулахыг мэргэжилтнүүд тодотгов.
“Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Ерөнхий инженер Ч.Бат-Эрдэнэ “Энэ шугамд гэмтэл гарч, 2-4 цаг зогсолт хийхэд л хөлдөх аюултай. Энэ шугамыг шинэчлэхэд нийт 4.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн зураг төсөл 2014 онд гарсан байдаг. Үүнд салбарын сайд онцгой анхаарч, Засгийн газрын түвшинд яаралтай оруулна гэдгээ хэлж байна. Манай компанийн хувьд 14300 айл өрх, 1450 аж ахуйн нэгжийг дулаанаар хангадаг. Өвлийн бэлтгэлд 961 сая төгрөг зарцууллаа” гэж ярив.
Эрчим хүчний сайд П.Ганхүү “Энэ өвөл их хүйтрэх төлөв мэдээлэл байгаа учраас салбарын хэмжээнд онцгой анхаарч, бэлэн байдалд ажиллаж байна. Дархан хотын хувьд дулааны ачааллын 50 орчим хувийг үүрдэг Консулын тойргоос Монгол алтын уулзвар хүртэлх 2.7 км энэ шугам сэтгэл зовоож байна. Энэ ажлын хөрөнгө мөнгийг шийдвэрлэх хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар идэвхтэй хөөцөлдөж, ажиллаж байгаа. Тулгамдсан энэ асуудлыг дээрх УИХ-ын гишүүдтэй хамтран яаралтай шийдвэрлэх болно” гэлээ.

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл ажил 98 хувьтай, 21 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Тус станцад турбины шинэчлэлийн ажил хийгдэх болсон нь станцын үр ашиг сайжирч, цахилгаан дулаан хангамжийн найдвартай ажиллагаа бүрдэнэ гэдгийг онцоллоо. Төслийг Германы хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдэхээр болж, энэ онд Засгийн газраас тогтоол гаргасан нь 4.5 сая еврогийн хөрөнгө оруулалт юм. Мөн нэмэлт таван сая еврогийн хөрөнгийг хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэхээр болсны дагуу Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан уулзалтад оролцохоор болжээ. Түүнчлэн турбины шинэчлэлд зарцуулах 3.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, үүнд Засгийн газрын зүгээс онцгой ач холбогдол өгч байна.

Дархан-Уул аймагт 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц баригдаж байгаа нь Монгол Улсын хувьд анхны нарны мега төсөл юм. Нийт 25 га талбайд баригдсан энэ станц 12 сарын эхээр ашиглалтад орж, сүлжээнд хүчдэл өгөхөөр төлөвлөөд байна. Үндсэндээ механик ажил дуусч, тохируулгын туршилт хийгдэж эхэлснийг гүйцэтгэгч “Монхорус интернэшнл” ХХК-ийн захиралБ.Батлхагва хэлсэн. Эхний ээлжинд Дархан-Уул аймгийн хэрэглэгчдэд цахилгаан өгч, нэмэлт эх үүсвэрээр ажиллах юм байна. Цаашдаа ОХУ-аас авдаг эрчим хүчийг орлож, төвийн эрчим хүчинд эх үүсвэр болно гэж ярив.
10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцад Японы Шарп корпорацийн нарны зай, технологи ашиглаж байгааг танилцуулсан. Манай орны -30 аас – 40 хэмийн хүйтэнд найдвартай, үр ашигтай ажиллах шаардлагыг хангана гэж ярив.
