2017-02-22 15:11:31

Эрчим хүчний салбараас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 8, Гавъяат ажилтан 40 гаруй төржээ

Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож буй. Улс орны хөгжлийн буухиаг хөтөлсөн ахмад буурлууд, үе үеийн инженер, албан хаагчдын хөлс хүчээ шингээсэн их хөдөлмөр зүтгэлээр Эрчим хүчний салбар 95 жилийн түүхээ бичиж байна. Түүхт ой болон уламжлалт сар шинийн баярыг угтаж Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар өнөөдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Эрчим хүчний салбарын ахмадууд дундаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 8, Гавъяат ажилтан 40 гаруй төрсөн байдаг. Мөн Эрчим хүчний Тэргүүний ажилтан цол тэмдгээр 60 гаруй ахмад шагнагдсан байдаг аж. Эрчим хүчний салбарын Ахмадын хорооны дарга, МУ-ын Гавъяат ажилтан Л.Пүрэвжав хэлэхдээ “Өнөөдөр салбарын хэмжээнд 3500 гаруй ахмад бий. Улс орныхоо төлөө цаг наргүй ажиллаж, өнөөдрийн энэ амжилтын суурийг тавилцсан үе үеийн ахмадын төлөөлөл болох 60 гаран хүн энд ирээд байна. Шинэ залуу үе маань бидний ажлын туршлагыг бодлого үйл ажиллагаандаа тусгаж ажиллавал үр дүнтэй байх болов уу. Гол нь бодитой, иргэдэд хэрэгтэй ажлуудыг хийгээрэй гэж захья” гэв. Мөн уулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний талаар ахмадууд санал бодлоо хэлж, хүндэтгэн хүлээн авсан ЭХЯ-ны удирдлагуудад талархаснаа илэрхийллээ.