2017-03-22 15:11:28

Эрчим хүчний салбарынхан Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар Эрчим хүчний салбарын инженер, албан хаагчид Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаав. Салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг оюунаа зориулсан эрхмүүдэд Эрчим хүчний сайд П.Ганхүү шагналыг нь гардуулж, баяр хүргэсэн юм.

Наурызын баярын өдөр Эрчим хүчний салбараас “Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийн эзэн төрсөн нь “Дулааны цахилгаан станц III”ТӨХК-ийн ээлжийн мастер Б.Унатай байлаа. Мөн “Дулааны цахилгаан станц III”ТӨХК-ийн үйлчилгээний ажилтан К.Уазира, нярав С.Бямбацэрэн болон “Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны ажилтан Б.Ариунбаатар нар “Алтангадас одон”-гоор энгэрээ мялаав.

Түүнчлэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн У.Баяндорж, ЭХЯ-ны мэргэжилтэн Ц.Оюунбаатар нар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор энгэрээ мялааж, ажил үйлсээ төрөөр үнэлүүлж байна.

Эрчим хүчний сайд П.Ганхүү Төрийн дээд одон медаль хүртсэн ажилтан, алба хаагчдад баяр хүргэж, салбарынхаа түүхийг бичилцэж буй их үйлсэд нь улам их амжилтыг хүслээ.