Монгол улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, үндсэн зорилт Монгол улсын Их хурал, Засгийн газраас гаргасан дараах бодлогын баримт бичигт тусгагдсан. Үүнд:
- “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого/2008-2021/”
- “Монгол улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн стратеги”
- “Монгол улсын эрчим хүчний нэгдсэн систем”
- “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр /2006-2020/”
Эдгээр бодлогын бичигт Монгол улс эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх үндсэн зорилтыг тодорхойлсон байна. Энэхүү стратегийн зорилт нь зөвхөн эрчим хүчний хөгжлийн асуудал бус эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хөгжлийн цогц бодлогын үндсэн чиглэл юм.
Манай улс нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц дээр тулгуурласан эрчим хүчний уламжлалт арга технологио улам боловсронгуй болгохын зэрэгцээ байгаль орчинд сөрөг нөлөө багатай сэргээгдэх эрчим хүчний технологийг дэмжин хөгжүүлж эрчим хүчний нийт үйлдвэрлэлд түүний эзлэх хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор эрчим хүчний хангамжийн бүтцийг өөрчлөх чиглэлд зарим ажлуудыг эхлээд байна.
Монгол улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг хөгжүүлэх явдлыг хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг болгохоор зааж, 2005 оны 6-р сарын 9-нд УИХ-аас Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг баталсан юм. Түүнчлэн 2007 оны 1 дүгээр сарын 11 өдөр “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль”-ийгбаталж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөх, энэ салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний үнийг хуульчлан тогтоож, арваас доошгүй жил урт хугацаанд тогтвортой мөрдөхөөр болсон билээ.
Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг хөгжүүлэх талаарх дээрхбодлогын баримт бичгүүд батлагдсанаар манай оронд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах үйл ажиллагаа илүү хурдацтай хөгжих бодлого, эрх зүйн орчин бүрдсэн юм. Үүний дүнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэн, өнгөрсөн хугацаанд Данийн VESTAS фирм, Японы ЭБАРА корпораци, Туркийн AYDINER групп болон манай улсын Ньюком, Сайншанд салхин парк, Cleantech, Престиж групп, Нью прогресс групп зэрэг гадаад дотоодын зарим байгууллагууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, барилга байгууламж байгуулах тухай санал хүсэлтээ илэрхийлээд байна.
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг шат дараатай хэрэгжүүлэн, 2010 оны түвшинд улсын эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 3-5 хувь, 2020 оны түвшинд 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэхээр заасан.
Өнөөгийн байдлаар сэргээгдэх эрчим хүч нь манай улсын эрчим хүчний нийт хэрэглээний дөнгөж 1,08%–ийг эзэлж байгаа бөгөөд Дөргөн, Тайширын усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаар ашиглалтад орсноор улсын эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 4,52% хүртэл нэмэгдэх юм ( Зураг 1).

Зураг 1. Эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь
Монгол улсын төсөв болон “Монгол улсыг хөгжүүлэх сан”-ийн хөрөнгөөр 2007-2008 онд 16 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжийн ашиглалтад оруулсан байдаг. Үүнд:
· Өмнөговь аймгийн Мандах сумын 70 кВт-ын салхин цахилгаан станц
· Дорноговь аймгийн Мандах суманд 80 кВт чадалтай салхин цахилгаан станц
· Говь-Алтай аймгийн Бугат суманд 60 кВт чадалтай нарны цахилгаан станц
· Ховд аймгийн Цэцэг суманд 30+70 кВт чадалтай нарны цахилгаан станц
· Өвөрхангай аймгийн Сэврэй сумын 70 кВт-ын салхин цахилгаан станц
· Өмнөговь аймгийн Манлай сумын 150 кВт-ын нар-салхи хосолсон цахилгаан станц
· Өвөрхангай аймгийн Богд сумын 70 кВт-ын салхин цахилгаан станц
· Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 150 кВт-ын салхин цахилгаан станц
· Дорнот аймгийн Матад сумын 120 кВт-ын нар-салхи хосолсон цахилгаан станц
· Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд 150 кВт чадалтай нар салхи хосолсон цахилгаан станц
· Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 150 кВт чадалтай нар салхи хосолсон цахилгаан станц
· Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 150 кВт чадалтай нар салхи хосолсон цахилгаан станц
· Говь-Алтай аймгийн Цээл суманд 150 кВт чадалтай нар салхи хосолсон цахилгаан станц
Түүнчлэн Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал суманд тус бүр нь 100кВт-ын чадалтай нарны төхөөрөмж, Говь-Алтай аймгийн Алтай суманд 200кВт-ын, Баянтоорой тосгонд 100кВт-ын нарны төхөөрөмжүүдийг суурилуулах ажил хийгдэж ашиглалтанд орсон ба сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр бүхий 16 суманд 0.4 кВ-ын шугам сүлжээний шинэчлэлийн ажил хийж гүйцэтгээд байна.
Өмнөговь аймгийн Ноён суманд 200 кВт-ын нарны цахилгаан станц, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 100кВт-ын салхин цахилгаан станц, мөн аймгийн Наран, Завхан аймгийн Цагаанчулуут, Архангай аймгийн Тариат, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Дундговь аймгийн Адаацаг зэрэг арав гаруй суманд нар-салхины хосолсон станцуудыг байгуулан ашиглаж байна.
Монгол улсын Засгийн газрын 1999 оны 158 дугаар тогтоолоор баталсан “100000 Нарны гэр” үндэсний хөтөлбөр 3 үе шаттай хэрэгжүүлэхээр батлагдсан. Хөтөлбөрийн 1, 2 шатны хүрээнд 2001-2005 онд 31790 нарны цахилгаан үүсгүүр, 2007-2008 онд Монгол Улсыг хөгжүүлэх сан, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр оруулалтаар 40400 нарны цахилгаан үүсгүүрийг хөдөөгийн малчид, иргэдэд дэмжлэг үзүүлэх үүднээс 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Хөтөлбөрийн 3 дугаар шатны хүрээнд Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд 20000 малчин өрхийг нарны цахилгаан үүсгүүрээр хангах арга хэмжээг 2009 оноос хэрэгжүүлэн ажиллаж байна. “100 000” нарны гэр” үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд 100’146 орчим малчин айл өрх нарын цахилгаан эх үүсгүүртэй болсон.
Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглан Хархорин, Чигж, Манхан, Мөнххайрхан, Гуулин, Үенч, Тосонцэнгэл, Эрдэнэбулган, Завханмандал, Цэцэн-Уул, Богдын голд 100-2000кВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц (УЦС)-уудыг ашиглалтад оруулсан. Баруун бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Дөргөний 12МВт-ын УЦС-ыг 2009 онд, Тайширын 11МВт УЦС -ын 2011 онд ашиглалтад оруулан, ОХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллуулж байна.
Цаашид сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, төвийн бүсэд томоохон УЦС барих, сумын төв, суурин газрыг нар, салхи, ус-дизель хосолсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр болон нийт малчин айл өрхийг нар, салхины эрчим хүчээр хангах зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
ü Монгол улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжийг төлөвлөх, угсралтын ажил гүйцэтгэх, ашиглах норм дүрэм, журам, стандарт боловсруулж батлуулах, сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах, ашиглах, болзошгүй гэмтэл саатлаас урьдчилан сэргийлэх техникийн арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлэх,
ü Төвийн бүсийн эрчим хүчний системын найдвартай ажиллагааг хангах зорилгоор Орхоны 100МВт-ын хүчин чадалтай УЦС эсвэл Эгийн голын 220МВт-ын болон Сэлэнгэ мөрөн дээр 250-300 МВт-ын УЦС-ыг байгуулах,
ü Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар гүйцэтгэх “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах” төслийн хүрээнд эрчим хүчний системээс алслагдсан сум, суурин газрыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр хангах арга хэмжээг зохион байгуулах,
ü Сумын эмнэлэг, сургууль, нийтийн үйлчилгээний газруудыг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр хангах, худгаас ус татах болон газар тариаланг усжуулахад нар, салхины эрчим хүчийг өргөн ашиглах дэд хөтөлбөрүүдийг боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлж, орон нутагт электрон засаглал, мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх язгуур нөхцөлийг бүрдүүлэх;
ü Газрын гүнийн дулааныг ашиглах нөөц ихтэй газруудыг сонгон судалж, хот суурин газрын эрчим хүчний хангамжид ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх;
ü Нарны илчээр ус, агаар халаах арга технологи, тоног төхөөрөмжийг барилга байгууламжийн дулаацуулга, хэрэглээний халуун ус болон бусад зориулалтаар өргөн ашиглах;
ü Устөрөгч, түлшний элемент зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглан дулаан, цахилгаан үйлдвэрлэх орчин үеийн техник, технологийг судлан нэвтрүүлэх;
ü Эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилтыг шат дараатай хэрэгжүүлэн 2020 оны түвшинд 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан үйлдвэрлэх;