2017-05-29 12:33:00

Эрчим хүчний яамны шуурхай хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тухай асуудлыг онцоллоо

Эрчим хүчний яамны өнөөдрийн /2017.05.29/ шуурхай хуралдаанаар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил болон агаарын бохирдлыг бууруулах тухай асуудлыг голчлон хөндлөө. Үйлдвэр, станцуудын хувьд үндсэн ба туслах тоноглолын засвар үйлчилгээгээ хийж, бэлтгэл ажил хангагдаж буй талаар мэдээлж байна. Мөн станцуудын нүүрсний хангамжтай холбоотойгоор хоёр уурхайн өвлийн бэлтгэл ажлыг хангах шаардлага бийг Эрчим хүчний сайд П.Ганхүү онцоллоо.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “ТЭЦII” ТӨХК-ийн дэргэд утаагүй түлшний үйлдвэр барихтай холбоотойгоор хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх талаар ярилцаж,  утааны эсрэг авах арга хэмжээгээ цаг алдалгүй эртнээс төлөвлөж ажиллахыг анхаарууллаа.

Эрчим хүчний сайд П.Ганхүү үйлдвэр, станцууд цахилгаан хангамжийн найдвартай байдлаа сайтар хангахыг сануулаад,Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын дэд станцыг хоёр талын тэжээлтэй болгох асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг холбогдох захирал, удирдлагуудад үүрэгдлээ.