Эрчим хүчний дэд сайд бөгөөд Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн ахлагч Т.Гантулга 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын асуудлаар газар дээр нь биечлэн ажиллаж байна.
2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн усархаг борооны улмаас Сонсголонгийн гүүрний хажууд байрлах 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер тулгуурын суурь үерийн усанд идэгдэн унаж, аваар гарах нөхцөл байдал үүсээд байсан юм. Энэхүү аюулаас урьдчилан сэргийлж Эрчим хүчний сайдын зөвшөөрлөөр, мэргэжлийн байгууллага хуралдаж шийдвэрлэснээр цахилгаан дамжуулах агаарын шугамын утсыг суллаж байна. 110/10 кВ-ын Буянт Ухаа дэд станцыг тэжээж буй 110 кВ-ын Яармаг А/Бцахилгаан дамжуулах шугамаас отпайк авч салбарласан шугам нь 2015 онд ашиглалтад орсон билээ. Уг шугамын урт 1,5 км, дамжуулагч утас нь АС-120 маркийн ган хөнгөн цагаан хийцтэй, нийт 11 тулгууртай юм.
Эрчим хүчний дэд сайд бөгөөд Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн ахлагчТ.Гантулга хэлэхдээ “Голын усны төвшин дээшлэх тусам 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер тулгуурын суурь усанд орж аваар гарах нөхцөл үүсэх гэж байна. Агаарын шугам татагдаж унавал Төв аймаг, Яармаг ялангуяа Олон Улсын нисэх онгоцны буудал цахилгаан эрчим хүчний доголдолд орно. Энэхүү аюулаас урьдчилан сэргийлж бид Эрчим хүчний сайдын зөвшөөрлөөр, мэргэжлийн байгууллага хуралдаж шийдвэрлэснээр цахилгаан дамжуулах агаарын шугамын утсыг суллаж байна. Цаашдаа бид цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын байршлыг өөрчилж болох ч хувийн хэвшлийнхэн газраа өмчлөөд хашчихдаг,хэл ам хийгээд газраа чөлөөлж өгөхгүй байна. Улаанбаатар хотод газрыг нь чөлөөлж өгөх хэрэгтэй байна” гэв.